Monday, April 19, 2010

"Дэлгэц амилуулсан аялгуу"



Энэ нэрийг зээлдчихлээ. МҮОНТ-ээр хагас билүү бүтэн сайн өдрөөр гарч байгаа нэвтрүүлгийн нэр. Нэр зээлдсэний учир гэвэл энэ нэвтрүүлгийн хөнддөг сэдвийн зах зухаас жаахан зулгаах гэсэн чинь энэнээс илүү гоё гарчиг олж чаддаггүй ээ. Ольё ч гэж нэг их бодоогүй л дээ.

Манай монгол кинонуудын хөгжим мөн ч сайхан шүү. "А", "Б"-гүй цээжилтлээ үзчихсэн зарим киноны хөгжмийг нь сонсох гэж хүлээн үзсэн удаа ч байгаа. "Яг тэр хэсэгт нь гардаг тэр хөгжмийг нь сонсоод авья" гээд л. Жишээлбэл "Алтан Өргөө" кинонд нүд муутай охин хараа ороод гүйн гарч нутаг усаа харах үед эгшиглэдэг ая, "Би чамд хайртай" киноны Дэлгэрийн хийл тоглодог хэсэг, Үрлээ цонхоор хараад "Хаврын анхны бороо" гэж хэлэхэд эгшиглэдэг ая, "Тань руу нүүж явна" киноны хөгжим гээд л /ү/гүй ээ мөн ч урт жагсаалт болох гээд байна.
Хөгжимөөс гадна миний сайн мэдэхгүй дээр үеийн дуучдын дуунууд тэр үеийн бичлэгээрээ монгол киноны төгсгөлд ч юмуу эгшиглэхийг сонсоход их сайхан.

Манайх ямар ч мундаг хөгжмийн зохиолчидтой байсан юм. Монгол кино үзэж л тэрийг мэдэх юм. Одоо ч зарим нь сэрүүн тунгалаг байгаа л даа.

Ийм сайхан хөгжимтэй кинонуудын нэг бол "Тань руу нүүж явна" Аймаар сайн хийсэн кино юм шиг санагддаг. Зохиолыг Э.Оюун гуай бичиж, ерөнхий найруулагчаар Б.Балжинням гуай ажиллан, хөгжмийг З.Хангал гуай туурьвижээ. Энэ киног интэрнэтээр үзье гэвэл хаяг нь:
http://myloverso.miniih.com/index.php//home/post/345

Поп оркестр энэ хөгжмийг тоглосон нь юүтүбд байна. Хаяг нь: http://www.youtube.com/watch?v=mjnQMzg6K9I -Memory Pop Orchestra Z.Hangal tani ruu nuuj yavna

Сэтгэл зүрхийг шимшрүүлээд хаячихдэг кино, хөгжим шүү. "Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун" гэж Инжинааш гуайн хэлсэнчлэн тэгж чадаж байгаа нь л уран бүтээлийн дайтай бүтээл болсны нотолгоо байх даа.

Гол дүрийн залуу хайртай бүсгүйдээ ном өгчихөөд мотоциклтойгоо давхин одоход хайртай бүсгүй нь сэтгэлээ илчилсэн дурсгалын дөрвөн мөртийг нь уншсаны дараа явдаг ая, Дулам гуайн сэтгэл үймрэн өвсний толгой найгуулсан жихүүн байрын салхитай, уйтгартай өдөр гадаа сууж байхад эгшиглэдэг ая. Айлын хүү рүү очих уу яах вэ гэж сэтгэл нь хоёрдон байхад явдаг ая. Ядаж байхад "Ээж ээ ээжээ, цагаан сүүгээ хөхүүлээч ээжээ" гэдэг дууг тэр нэг хүүхэд дуулж байхыг нь яана...

Дашрамд дурдахад З.Хангал гуайн талаар найруулагч н.Жигжидсүрэн гуай дурсамж нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТ-ээр гаргаж байсан санаанд орлоо. Нэлээд өргөн цар хүрээтэй, уран бүтээлээс нь эгшиглүүлсэн их аятайхан дурсамж нэвтрүүлэг байсан шүү.
Нээрээ, энэ киноны залуу бүсгүй Хандмаагийн дүрд тоглодог жүжигчин Долгорсүрэн эгч надтай хамт ажилладаг юм.

No comments:

Post a Comment