Monday, April 12, 2010

"Урлаг гэж энэ, кино гэж энэ"




гэсэн бодол төрөх шиг болж билээ. "Мелодии белой ночи"/"Цагаан шөнийн уянга"?/ киног, хуучин Монгол кино үйлдвэрийн орчуулга, дуу оруулалттайгаар С1 ТВ-ээр үзэхэд. Магадгүй жинхэнэ урлаг шиг урлагаас хүнд мэдрэгддэг байх гэмээр тийм нэг яруу сайхан мэдрэмжийг амтлан биширч, гүн сэтгэгдэл төрсөн.

Би яг таг тодорхойлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ энэ бол хөгжимт буюу мюзикл маягийн кино л доо. Гэхдээ дуу биш, хөгжмийн эгшиг уянгалдаг. Тэр эгшигийг нь нэг сонсоод өнгөрчихөд хайран. Хөгжмийн тэр сайхан эгшигүүдээс гадна нүднээ харагдах тэр дүр дүрслэл, дүрийн бодрол, харилцан яриа бүхэн нь хүний сэтгэлийн гүнийг уудлан илэрхийлэх мэт.

Энэ кино Youtube-д байгаагүй, гэхдээ саяхан харахад оруулчихсан байна лээ. Эхний хэсгийнх нь хаяг:
http://www.youtube.com/watch?v=UZ46zy6OQMA

Юутүбээс гадна энэ орос сайтад бас байна лээ.
Хаяг: http://www.intv.ru/view/?film_id=75747

"Мелодии белой ночи" киноны сайхан аялгуунаас: http://www.youtube.com/watch?v=6soMKUPVARk&NR=1
Википедиа энэ киноны талаар: http://ru.wikipedia.org/wiki/Мелодии_белой_ночи_(фильм)

1976 онд "Сэсээр" улс, Их наран улс хоёрын хамтран бүтээсэн энэ киноны гол дүрийг Сэсээр улсын жүжигчин Юрий Соломин, "Их наран" улсын жүжигчин Комаки Курихара нар хамтран бүтээжээ. Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, Японы хөгжимчин үзэсгэлэнт бүсгүй хоёр...
Петербургийн цагаан шөнө, бороот үдэш, манан будант бүрхэг өдөр, аянга цахилгаант бороо... Энэ бүхний цаана хүний сэтгэл, хайр дурлал, хүсэл хясал.

Би энэ киноны хөгжмийн дуртай хэсгүүдээ дахин дахин сонсох гэж дээрх хаягаар нэг хэсэг байн байн л ордог байлаа.
Аливаа кинонд уг киноны хөгжим гэгч салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг байдаг нь хэн бүхний мэдэх зүйл. Энэ кинонд бол хөгжим нь бүр ч онцгой байр суурь эзэлдэг. Хөгжмийн зохиолч Исаак Шварц.

No comments:

Post a Comment