Thursday, April 15, 2010

Цэрэнжав ахтай танилцсан түүх

Одоогоос арваад жилийн өмнө оюутан байхад манай тэнхимд нэг сэтгүүлч ах ирж лекц уншсан юм. Юу ярьсныг санах юм алга. Гэхдээ ямар ч байсан өөрийн гаргасан сонингоо бидэнд тараагаад явж билээ. Тэр сонингуудыг нь уншсан чинь алгасаж унших юм бараг нэг ч байдаггүй! Нэг ч шүү! Бүх мэдээлэл, нийтлэлүүд нь сонирхолтой байсан гээч! Тэгээд л тэр хүнийг сайн бичдэг сэтгүүлч байна даа гэж бодох болсон.

Дараа нь 2000 оны сонгуулиар шиг санаж байна, нөгөө сэтгүүлч ах 25-р суваг ТВ-ээр их цөөхөн минутын, тун товчхон тойм бэлтгэн уншдаг байлаа. Бэлтгэсэн тойм нь ямар лаг санагдсан гээч. Бас л сонирхолтой, бас"хэгжүүн, гашуун, ёж үг" /Quiza-гийн дууны үгээс иш татав/ -ээр дүүрэн. Сунжирсан нуршуу юм байхгүй, хэдхэн минутанд их олон санааг оновчтойгоор, сонирхолтойгоор, ёжлон хэлж байсан. Тэр сэтгүүлч ах Д.Цэрэнжав гэдэг хүн байсан.

Ингээд дараа нь 2000-2004 оны МАХН парламентад дийлэнх олонхийн санал авсан жилүүдэд Д.Цэрэнжав ах ФМ 105,5 радиогоор байхаа шууд утас авдаг нэвтрүүлгийг хөтлөн явуулж байхыг сонссон юм. Тэгээд сонссон чинь ихэнх хөтлөгчөөс өөр санагдсан. Юугаараа өөр гэхээр шууд утсаар холбогдож байгаа хүмүүс аль нэг талыг барьсан ч юмуу, зарим үед жаахан туйлширсан, зөв буруу янз янзын л юм ярьж байхад Д.Цэрэнжав сэтгүүлч тэдэнтэй нэг талаар соёлтой боловсон харилцаж, нөгөө талаар өөрөө аль ч тал руу холбирохгүй, нэг талыг барьж туйлшрахгүй, яриандаа халж хадуурахгүй яг л сэтгүүлч хүн ямар байр суурийг баримтлах ёстой вэ тэр байр сууриа баримтлаад л хөтлөөд явж байгааг сонсоод их хүндэтгэх сэтгэлд автаж байж билээ.

Би Цэрэнжав ахтай энд тэнд ганц хоёр удаа зөрөн өнгөрч байсан боловч эчнээ л танил байлаа.

Сонинд ажиллаж байхдаа тэр сэтгүүлч ахтай уулзаж, ярилцлага авмаар санагдаад утсыг нь хайж олон холбогдоод, улмаар танилцах завшаан тохиолдсон юм. Хэрэг зоригоо дуулгахад их гоё найрсагаар хүлээн авч, надад зөвлөгөө өгөөч гэж гуйхад маань туршлагатай сэтгүүлчийн хувиар зөвлөгөө өгсөн нь надад их сайхан санагдсан.
Тэгээд хамгийн гол нь хошигнох чадвар нь ёстой агуу! Миний лав элгийг хөшөөгөөд алж ч чадмаар хошигнох чадвартай. Хошигнох чадвар гэдэг хүний ёстой гоё нэг чанар. Гэхдээ Цэрэнжав ах худлаа марзагнах биш хошигносон шиг хошигнодогоо.

За, ингээд би ярилцлага авах асуултуудаа бэлтгээд аваачиж өгсөн чинь миний асуултуудыг гүйлгэн харснаа өөрөө сэдэв сонгоод ярьчихья гэлээ. Тэгээд чухал сэдэв сонгон аваад ярьж байхад нь би сонсож суухдаа яриа хөөрөөнөөс нь нэвт мэдрэгдэх хурц ухааныг нь дотроо бахдан биширч суусан юм. Тэгээд ярилцлагаа буулгаж, янзлаад хэвлүүлэхийн өмнө аваачиж үзүүлэхдээ зүрх алдан, санаа зовоод их хэцүү байсан. Хараад голвол яанаа гэж бодохоос л ичээд. Адил мэргэжлийн, бас их мундаг гэж хүндэлдэг хүндээ бичсэн юмаа үзүүлнэ гэж бодохоор л.

Ингэж л Цэрэнжав ахтай анх танилцсан. Politics.mn гэдэг сайтад бичсэн зүйлсийг нь дахин дахин амтшин уншдаг байлаа. Одоо ч би байнгын уншигч нь. Ajiglagch.mn, ajiglagch.wordpress.com хэмээх Д. Цэрэнжав ахын сайтын фэн л дээ. Үүнээс гадна Цэрэнжав ах iltod.mn сайтыг эрхлэн "гаргадаг", өмнө нь irgen.mn сайтад бичдэг байсан.

Цэрэнжав ахын мэргэжлийн ур чадвар, ухаан, хошигнох чадвараас гадна энэ бүх сайн чанарыг нь улам үнэ цэнэтэй, эрхэм нандин болгодог хүнлэг чанарыг бас үнэлдэг. Их хүнлэг, сайн хүн юм даа гэсэн бодол олон зүйлээс надад төрж, мэдрэгдэж, улам хүндлэх сэтгэл төрж байсан.

/Хэхэ. Цэрэнжав ахад би блогийнхоо хаягийг хэлдэггүй. Энийг уншвал их дургүйцнэ дээ. Ялангуяа магтаж бичсэн хэсгүүдийг. "Юу биччихвээ чи! Больж үз." л гэх байх./

No comments:

Post a Comment