Thursday, March 25, 2010

Дуусдаггүй яриа битгий л дуусаасай





Мэдээ зэдээ, янз бүрийн албаны хүмүүсийн уйтгартай яриа, ярилцлагууд, дугуй ширээний ярилцлага барагтай л бол үзэхээ больчихоод байлаа. Эсвэл хөтлөгч, сэтгүүлч нь миа санагдаж уур хүрээд, эсвэл ярьж байгаа хүн нь...

Харин 25-р суваг ТВ-ээр Дуусдаггүй яриа гарснаас хойш бол алгасалгүй шахам хардаг болчихоод байгаа шүү. Мэдээж хааяа тэдний ярьж байгаатай санал нийлэхгүй зүйл гардаг ч.

Д.Энхбат гуай, Лу.Гантөмөр нарын бол ерөнхий "араам"-ыг гадарладаг байсан. Сүүлийн үед ялангуяа Н.Батбаяр гишүүнийг их үнэлж хүндэтгэдэг болоод байгаа юм байна. Зоримог, шийдэмгий яриа нь гээд л...

Ерөнхийдөө боловсролтой, мундаг хүн байх гэж боддог байсан ч угтаа бол ердөө охиных нь дээр үед нэг хэвлэлд өгч байсан ярилцлагаар, охин нь "Занаду" арт галерейг санаачилсан гэдгээр, хурдан ярьдгаар нь л мэддэг шахуу байсан юм. Хэхэ.

Tuesday, March 23, 2010

Famous actor and director of Mongolia D.Chimid-Osor Д. Чимид-Осор гуай





Миний хамгийн дуртай монгол жүжигчдийн нэг Д. Чимид-Осор гуайн амьдрал уран бүтээлийн талаарх мэдээллийг:
http://www.mongolinternet.com/famous/DendevChimedOsor.htm
- энэ сайтад тун ч тодорхой сайхан эрэмбэлэн оруулсан байна. Мөн найруулагч н.Жигжидсүрэн гуай болон Чимид-Осор гуайн хүүгийн ярилцлага байна. Мэдээж Чимид-Осор гуайн талаар ярьсан.

Дээрх зургийг би сонинд ажиллаж байхдаа олоод олзуурхан сканнердаж авсан юм байна.
Энэ сайхан хүний найруулсан 5 киноноос би "Тамирын охин", "Нүгэл буян", "Хонины найр" гурвыг нь бүр илүү үзэх дуртай юм байна.

"Хонины найр" кинондоо өөрөө бас гол дүрийг бүтээсэн байгаа. Хүний сэтгэлийн хувирал өөрчлөлт, хөдөлгөөн, муухай аашны цаана далд байгаа сайхан сэтгэл...-ийг чадварлаг гаргасан санагддаг.
"Ардын элч" кинонд сайхан сэтгэлтэй Хятад хүний дүрийг их сайн бүтээсэн. Туслах дүр гэхэд бүр сэтгэлд хоногшчихсон. Би түүний эерэг дүрүүдэд нь дуртай.
Харин "Тунгалаг Тамир"-т жаахан тиймхэн хүний дүрийг бүтээсэн байдаг. Хэхэ.
Гурван ч өөр кинонд зайрангийн дүр бүтээсэн нэг сонирхолтой баримт байдаг юм байна.
Гэхдээ тэр дундаас "Хүний сайхан сэтгэл" кино хамгийн гоё нь. Д.Чимид-Осор гуайг чухам энэ дүрээр нь л төсөөлж, хүндэлж явдаг юм.

Sunday, March 21, 2010

"Кино үзэх цаг"


Өчигдөр орой sick, upset, upset and upset амьтан босоод маргаашийнхаа ажлын өдрийн бэлтгэлийг жаахан ч гэсэн базааяа базааж чадахгүй, санаа байвч сачий хүрэхгүй аргагүй бие гайгүй болохыг нь хүлээж хэвтэж байгаад харин аятайхан кино үзчихлээ.

Хагас бүтэн сайн өдөр болгон Боловсрол суваг ТВ-ээр "Кино үзэх цаг" гэж гардаг болоод байгаа даа. Өнгөрсөн долоо хоногт гарсан хоёр киног нь, бас өчигдөр гарсан киног нь бол үзэх хүсэл төрөөгүй л дээ. Орчуулга нь ... Нөгөө л нэг орчуулга, дуу оруулалтууд...

Харин өчигдөр Баабар гуай бас дахин зочноор оролцож, /өмнө нь оролцож байсан/ кино санал болгосон нь American Beauty байлаа. Кино шиг киног, орчуулсан шиг орчуулж, дуу оруулсан шиг оруулсан байхад үзэхээс биш яахав. Ёстой нөгөө юм үзсэн юм шиг л боллоо. Киноны дараа уламжлал ёсоор зочин /Баабар гуай/ уг киноны талаар хөтлөгчтэй ярилцахыг нь ч сонсох сайхан л байлаа.

2 долоо хоногийн өмнө тэрбээр мөн зочноор уригдахдаа Роман Поланскигийн "Байр хөлслөгч" /The Tenant/ гэдэг киног, бас "Достоевскийн амьдралын 26 өдөр" (26 дней из жизни Достоевского) гэдэг, миний үзчих юмсан гэж бодож байсан киног гаргасан. Бас л хоёуланг нь үзсэн.

"Достоевскийн амьдралын 26 өдөр" хуучин Монгол кино үйлдвэрийн орчуулга, дуу оруулалттай байсан. Сайхан шүү. Бас "Байр хөлслөгч", "American Beauty" хоёр киног Free Line гэдэг студид Боловсрол суваг ТВ-ийн захиалгаар орчуулж дуу оруулсан байлаа. Киног ингэж сайхан чанартай орчуулж, дуу оруулдаг студийн нэр сонсогдох болсон нь аятай юу. Боргил гэдэг хүн орчуулж, Батцэцэг эгч хянан тохиолдуулж, Батцэцэг эгч... нарын чадвартай дуу оруулагчид дуу оруулжээ.

Баабар гуай ч часхийсэн юм л санал болгох юм даа.

Одоо ч мань уламжлал ёсоороо Вики-тэйгээ найзлаад киноны талаарх нэмэлт мэдээлэл авах л үлдлээ.
"Боловсрол суваг" ТВ-ээр өмнө нь бас нэг хэсэг "Миний үзэх дуртай кинонууд" гэдэг нэрээр зочид уригдан ирж, кино санал болгодог байсан нь бас тун аятайхан байсан шүү.

"Миний ном, сайхан ном..."

Найз Дагийгаасаа ном аваад уншиж дуусахаараа аваачиж өгөн өөр ном авдаг юм. Англиар хагас дутуу ойлгон, амт шимтийг нь бүрэн мэдрэлгүй ном уншсан болсоор бүр залхаад зав чөлөөгөөрөө монгол хэлээр орчуулагдсан роман уншиж байна.
Орчуулагч хийдэг болсноосоо хойш номын орчуулагч, редакторынх нь нэрийг хамгийн түрүүнд хардаг болчихдог юм байна. Соц нийгмийн үед олон ч сайн орчуулагч олон ч номыг сайхан орчуулж дээ.
Жэк Лондоны "Саран хөндий", Вилки Коллинзын "Сарны чулуу" гэдэг хоёр романыг өнө удааж байж, өнгөрсөн долоо хоногт л нэг эзэнд нь аваачиж өгч, гол нь найзтайгаа уулзан том ажил амжууллаа.

Энэ хоёр орчуулгын романы аль алиных нь монгол хэлний найруулга их сайхан байлаа. Ялангуяа "Саран хөндий". Орчуулагч Амар гуай хянан тохиолдуулсан байвуу даа. Б.Ренчин гуайн "Өдөр бүр үгсийн эрдэнийг тань баярлан түүж" хэмээн бичсэнчлэн сайхан сайхан, жигтэйхэн оносон монгол үгсийг тэмдэглэж ч авлаа. Орчуулгандаа энэ үгийг хэрэглэнэ дээ гээд л.
Бас 2 роман унших гээд найзаасаа авчирсан чинь жаахан залхуу хүрээд л байна. Эхлүүлээд жаахан хартал. Урд нь уншиж байхдаа их л биширч уншиж байсан юмсан. Валентин Распутин "Дурсаж яваарай", бас өөр нэг зохиолчийн "Өргөст торон дотор" гэдэг хоёр роман.

Friday, March 19, 2010

I love ANTM. Америкийн дараагийн топ модель

America's Next Top Model Cycle 4 үзэж дууслаа. Naima- хөөрхөн охин түрүүлсэн. Түрүүлэхийг нь урьдчилан мэдэж байсан л даа. Дажгүй шүү. Харин ANTM Cycle 6- д Danielle түрүүлэхэд их баярлаж, урам зориг авч байсан. Аль аль цуврал нь Youtube- д бүтнээрээ байгаа. Үзье гэвэл хаяг нь:

ANTM Cycle6- http://www.youtube.com/watch?v=Z7XL7JO-Ylw&feature=related
ANTM Cycle 4- http://www.youtube.com/watch?v=W5qgdi_JhWw

4 дэх цувралд нь Тайра нэг охиныг хашхирч загнадаг юм байна лээ. хэхэ. Жаахан цочирдсон шүү. Тэр их хөөрхөн хар охин байсан. Tiffany гэдэг.

Tuesday, March 16, 2010

Сайн байна уу?

Өмнө нь нэг хэсэг Дэлхий.нэт-д блогтой байсан ч тэрэн рүүгээ орж чадахаа байваа. Тэгээд л удаан завсарлаж байгаад энд блог нээж, өөрийн дуу хоолой, өнгө төрхийг сонсгож, цахим орон зайтай больё гэлээ. Тэгээд л...