Monday, May 3, 2010

Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой




Дүгэрмаа ахаас Цэвэгжавын Цэрэн гуайн бичиж, эмхэтгэсэн "Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой" /2005/ номыг хоёр гурван жилийн өмнө анх авч уншаад амтанд нь орчихсон байтал ашгүй Их дэлгүүрийн номын дэлгүүрт дайралдахад олзуурхан худалдаж авсан юм. Гэхдээ тэр номыг маань "эзэн нь таньчихсаан". Одоо дахиад худалдаж авья, болохгүй бол Дүгэрмаа гуайн номноос хувилаад ч гэсэн авья гэж бодоод л байж байна.

Ринчен гуайн бичсэн бусад ном түүний хийсэн бүтээснийг, ямар мундаг хүн байсныг нь таниулдаг бол энэ ном Ренчин гуай гэж чухам ямар хүн байсныг хувь хүн талаас нь илүүтэй таниулсан. Түүний бичиг захидлуудаас нийтэлсэн байна лээ. Бас Ренчин гуайд ямар их дарамт шахалт, дайралт, хавчлага тулгарч байсныг, сэтгэлээр унамаар, урам хугарч шантармаар тийм бэрхшээл зовлонд дундуур тэрбээр туулаад л гарчихсаныг, туулж гарсан төдийгүй "бичдэгээ бичиж, хийдгээ хийгээд" л явсныг энэ номноос мэдэж аваад их биширсэн.

Ринчен гуайд манай хөдөөгийн жирийн малчин тариачдаас авахуулаад дэлхийд нэрээ гаргасан эрдэмтэд нь хүртэл, сумын уурын зуухны галчаас авахуулаад оюутан сурагчид нь ч захиа занаа илгээдэг байсанд тэрбээр унтах нойроо хасан байж орой үдшийн цагаар суун, асар их ажлаасаа болоод жилийн дараа ч гэсэн чин сэтгэлээсээ заавал хариу явуулдаг байсан байх юм.
Энэ номонд тэдгээр захидлаас нь заримыг нийтэлсэн байна лээ.

Их эрдэм сургасан улс эх орон, ард түмнийхээ ачийг номоор хариулна хэмээн мэрийдэг байсан нь бичсэн зүйлс, бичиг захидлуудаас нь мэдэгдэж байсан.
Хамгийн сүүлд гэвэл бие нь муудаж, эмнэлэгт чихрийн шижин, ходоодны хорт хавдраа эмчлүүлж байхдаа ч гэрээсээ бага гарын бичгийн машинаа авчруулан орчуулгаа ахиулсаар байсан гэнэ. Бие нь дээрдэхгүй болохоор Варшавт эмчлүүлэхээр очоод байхдаа ч тэнд эмнэлгийн газар бас л орчуулан бичсээр байсан гэнэ. 1976 оны 5-р сард Польшоос буцан ирэхэд "Эрдэмтний өндөр үүрэг" хэмээсэн гүтгэлэг "Намын амьдрал", "Новости Монголии"-д нийтрэгдэн, намын үүрүүдийн хурал хуй дээр түүнийг элдвээр гоочилж байхад ч хөрвүүлж эхэлсэн Польш романаа орчуулсаар дуусгасан байх юм.

Мэдээжийн хэрэг өчнөөн их хөдөлмөр зүтгэл, эрдэм ухаанаа шингээн бичсэн "Монгол хэлний зүй" номынх нь 4-р ботийг худалдаанд гаргалгүй, бүгдийг нь шатаасан ч тэрбээр шантраагүй, буцаж няцаагүй ажээ.
Д.Сэнгээ гуай магадгүй намын даалгавраар Б. Ринчен гуайг:

Баримталдаг үзлий нь хэлбэл идеализм
Бардам зантайгий нь хэлбэл архаизм
Бахархдаг соёлы нь үзвэл феодолизм
Багтайгаа байхы нь харвал социализм
Одоо үеийг гүтгэж доромжлохдоо
Онгод нь ордог төрөлх зангаараа
Балар үеийг бахдаж ярихдаа
Байдаг тэнхлээ бардаг хэвээрээ
Урсгасан нь их ч утга нь хоосон
Уншсан нь овоо ч сурсан нь бага
Таарах таарахгүй баг углаад
Танхайрч явдгаа татах болжээ
хэмээн "сургаж", далан настад ч даруулга хэрэгтэй хэмээн лантуудаж байсан. Гэхдээ тэрбээр толгой гудайсангүй.

Түүний тухай ингэж бичих нэг нь байвч бас огт өөрийг бичих нэг нь байсан л байж таарна. Тухайлбал Ц.Гайтав гуай:
"Ринчен танаа
Үүрийн гэгээ арилж
Үүрийн туяа морилж
Цагаа сахлаа илбэсээр
Цайлган санаагаа илтгэсээр
Уулсын дунд тэргүүн байдаг шиг
Усны эхэн боргил байдаг шиг
Анхлан ирсэн Рэнцэн тандаа
Мөнхлөж байхын ерөөл дэвшүүлье" хэмээн 1966 оны 6-р сарын 26-нд бичин дурсгаж байсан байна.


Б.Ринчен гуайн захидлын хэсгээс...

(Тэрбээр 4 жил гаруй шоронд байсан үеийнхээ талаар ийнхүү бичжээ)

... түмэн хилсээр шоронд орж, харгис муухай эрүү шүүлтийн муухайг биеэр үзээд, алуулах хилс тогтоол гаргуулаад байхдаа ч би аман зохиолын судалгааг муухай шоронгийн ёроолд хийсээр ирсэн бөгөөд тэр муухай зодлого аллагын дотор Зөвлөлтийнхөө эрдэмтэн багш нарыг санаж, Орос хэл оросын соёлын сайн сайхныг нь таньж, орос хэлээр дамжин дэлхийн утга зохиолын эрдэнэсийг үзсэнээ санахдаа сэтгэлээ сэргээж байснаа бодоход үнэн шинжээ илрүүлсэн Молотовын сэтэрт яалаа гэж гуних вэ? Зөвлөлтийн нэрт эрдэмтэн хүний шавь байсан би, сайн багш нарын муу шавь гэж хойчийн учраа мэдэх үеийн хүнд яасан ч хэлүүлэхгүй явсаар нүдээ санаа амар анина гэж ардынхаа буянаар Зөвлөлтөд багш нарын сайныг дагаж сурсныхаа ачийг ард түмэндээ харуулахыг бодсоор явдаг тул, бичиж бүтээх гэсэн зүйлээ биеийн алжаалыг үл бодон бичсээр байгаа..."

"...Түмэн хилс хэргээр мөрдөн байцаалтын шоронд дөрвөн жил хэвтэхдээ ч гэсэн янз бүрийн монголчуудаас үлгэр- аман зохиол зэргийг сураглан асууж, тэмдэглэн бичих бололцоогүй боловч цээжиндээ хадгалан тогтоож байсан..."

/Хавчлага дарамт дунд ч гудийлгүй, хийдгээ хийсээр байгаа талаараа/:

"... манай энд ч онгойх цаг айсаж байгаа юм бишүү дээ гэж бодоод би бичдэгээ бичиж, хийдгээ хийж л, эх орон, ард түмнийхээ өмнө үүргээ гүйцэтгэхийг чадлаараа мэрийж байгаа..."

"...эх орондоо хайртай, ард түмэндээ халуун сэтгэлтэй хүн хийх юмаа хийж л байх ёстой"

/Нас нэлээд дээр гараад байхад нь гадаадад хэдэн жил ажиллах урилга ирсэн боловч тэрбээр зөвшөөрөөгүй талаараа/:

"... би зөвшөөрч зүрхлээгүй, яагаад гэвэл би энд, эх нутагтаа амжуулдгаа амжуулж, хийдгээ хийж, чадах бүхнээ хийх ёстой гэж үзсэн юм..." гэж бичжээ.

Мөн над шиг залхуу хүмүүс санаж явууштай сургаалиас нь бичвэл:

"... Орос ардын их боловсролтой, уужим мэдлэгтэй хүний үзэж мэддэг хэмжээнд нь ханатал ном зохиол өдөр алгасалгүй үзэх хэрэгтэй юм шүү. Үүнийг гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ үргэлж санаж явах хэрэгтэй."

-чадал хүчнийхээ хэрээр унших хэрэгтэй.
-уншвал зохих номыг биеийн алжаалыг үл бодон унших хэрэгтэй! Сурлагын төлөө та мэрийж хичээ, хичээ! Цагаа ашиглаж сур! Мөнгө хамаагүй зарж болно, цаг хамаагүй зарж болохгүй гэдгийг хэзээ ч бүү март. Сул өнгөрүүлсэн цагийг дахин эргүүлж олж болохгүй.


Б.РИНЧЕН "ЮУНЫ МАГАД"

Дөч хүрээд би сая тогтноюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу.
Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр ачий нь магтан хариульюу.

Цаст уулын оргилоос цагаан болюу толгой минь. Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу.
Тэгвэл гайхамшигт сайхан цэцгийн анхилам үгээр намайгаа сурган хүмүүжүүлсэн багш нарынхаа ачийг нь магтан хариульюу.

Сэтгэл минь гүн нуураас амгалан болюу. Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу.
Тэгвэл сэтгэл зүрхнийхээ чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачий нь магтан хариулюу.

Санаа сэтгэл минь одооныхоос сайхан больюу. Тэгвэл сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь ард түмнийхээ ачтан хөвгүүдийн ачий нь магтан хариульюу.
1932 оны 2 сарын 10

Б.Ринчен гуайн талаар болон түүний оюутан ахуйн дурсамжийг ийш орж уншиж болно. http://myger.net/index.php?option=com_content&view=article&id=215:2009-02-12-12-26-34&catid=31:general&Itemid=46

No comments:

Post a Comment