Friday, May 7, 2010

Эмээ

Ядарсан хүн ажил дээрээ, ажил тарсны дараа орж ирээд сууж байна. Өнөөдөр ажлаасаа чөлөө аваад гадуур явж хэд хэдэн газар анкет бөглөлөө...

Өглөө бөөрнөөс болоод зовхи унжчихсан, цээжин дээр хөндүүр оргичихсон, хамаг бие нэг шархираад ч байгаа юм шиг сонин болчихсон сэрлээ.
Яг энэ өдөр 15 жилийн өмнө. 1995 оны 5 сарын 7 эмгэнэлт өдөр байж билээ. Би 14 настай, 8-р ангид байлаа. Гэр Тэрэлжид байсан учраас Налайхын сурагчдын дотуур байранд байсан үе. Ердийн л нэг өдөр байсан байх. Дотуур байрандаа байж байв.

Гэтэл оройхон үүдэнд хүн уулзая гэж байна гэдэг юм байна. Үүдэнд очтол над дээр огт ирдэггүй, Налайхад байдаг манай хамаатны эгч охинтойгоо ирээд зогсож байлаа. "Эмээгийн чинь бие муу байна. Өвөө чинь энд байгаа гэнэ. Өвөөгөө ол" гэлээ. Би дээш 2 давхар руу тасаг руугаа орохдоо "бие муу" гэдэг үг худлаа юм шиг, миний битүүнхэндээ эмээж байсан тэр зүйл болчихсон юм шиг санагдсан. Одоо бодоход "эмээгийн чинь бие муу" гэж хэлснээрээ Думаа эгч миний сэтгэлийг тэр хэцүү мэдээнд бэлтгэж өгсөн ухаалаг арга хэрэглэжээ.

Хувцаслаж аваад дотуур байрнаасаа гаран Налайхын 1-р хороонд байдаг хамаатных руугаа өвөөг сураглахаар явж байхдаа юу болсныг хэдийн ухаарсан надад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л санагдаж байлаа. Хагацлын зовлонгийн дэргэд бас "Эмээ мөнхийн зовлонд орсон байх" гэсэн шашины айдас зовоон шаналгаж асан...

"ЭРГЭЖ БОДОХ БОДОЛ"

...Энэ явдал болохоос 4 сарын өмнө. Сургуулийн амралт хэзээ мөдгүй болох гэж байлаа. Манай ангийнхан нийлэхээр болж, би мөнгөнийхөө талыг өгчихөөд байв. Бас онц гарсан болохоор шагнал авах байлаа. Тэр үед миний өмнө, 4 жил буюу хамгийн удаан нэг ангид байсан ангийнхантайгаа 8-аа төгсөхийн өмнө хамгийн сүүлийн удаа шинэ жилээ хамт тэмдэглээд, амралтаараа хот руу нүүсэн ээж аавынхаа гэр рүү очих уу, унаа унш олдсон дээр Тэрэлж рүү эмээ рүүгээ очих уу гэдэг сонголт тулгарахад би эмээтэйгээ өнө мөнх хамт байж чадахгүйгээ битүүхэндээ мэдэж байсан юм байлгүй эмээ рүүгээ очихыг нь сонгож байсан юм.
Тэгээд соц нийгмийн үеийн пааз автобусанд сууж аваад замд гарлаа. Гэм биш зан байсан юм хойно замд автобус эвдэрч би өвөө, эмээгийнхээ гэртээ харанхуйд л явж очлоо. Эмээ орондоо хэдийн орчихсон байв. Намайг яваад орсон чинь эмээ дулаан орноосоо босч хувцаслаад гадагшаа амбаарт орж чингэлэгнээс мах гаргаж ирэээд, галаа түлж, тогоонд зөндөө мах чанаж өгсөн юм. Бараг л 90 дөхөж байсан настай хүн шүү дээ.
Ээж байсан бол: "Өө миний охин ирээд юу? Хоол халааж идээд орондоо ороод унтаарай" гэх байсан болов уу.

... "Энэ явдал" болохоос 6 жилийн өмнө. Би 2-р ангид байлаа. Аав, ээж хоёр өмнөх зун нь өвөө эмээгийнхээс өрх тусгаарлан тусдаа гараад байсан юм. Эмээгийн өвөрт унтаж, эмээгээрээ түрээ барьдаг эрх танхил, зөрүүд гөжүүд надад энэ нь эхэндээ том цохилт болсон юм. Аавтайгаа таардаггүй ээ... Тэр зун нэг өдөр гэртээ орох сонирхолгүй л байсан юм байлгүй гадуур хүүхдүүдтэй баахан тоглож явлаа. Тэгээд Тэрэлжийн гол руу холоос жаахан харж зогслоо. Уг нь тэр голын цаахан эмээ байгаад байдаг...
Тэгээд харуй бүрий болж, хүүхдүүд гэр гэртээ орохын үед аргагүй нэг гэртээ орж очиход хоёр охин дүү маань сэтгэл амар, тайван жаргалтай орон дээрээ унтацгааж байгааг харахад нэг л сонин мэдрэмж төрж билээ. "Би ингэж явах"... Гэтэл тэр хоёр...
За ингээд тэр гэрт амьдрахад надад үнэхээр хэцүү байсан бололтой. Тэрэлжийн гол хөлдчихсөн, өвлийн нэг өдөр би хувцсаа цуглуулж тэврээд, ээж унинаас лентийг минь /тууз/ авч өгөхөд тэрийгээ гартаа атгаад гэрээсээ гарсан. Юухан байхав, 15-хан минут явах газар. Тэрэлжийн голынхоо мөсөн дээгүүр гараад эмээ дээр очиход, хамаг хувцсаа тэвэрчихээд очиж байгаа 2-р ангийн сурагч намайг угтахдаа харсан эмээгийн тэр харц...

... "Тэр явдал" болохоос 4 жилийн өмнө. 4-р ангиа төгсдөг зун байхаа. Би усаа барьж, эмээ тогоогоо нэрж шимийн архи зараад хоёулаа халтуурынханаа мөнгийн шударгаар хуваан, /хэхэ/ эмээ надад 50 төгрөг өгдөг юм байна. Шимийн архинаас надад амсуулж үзээд, "хэр хатуу байна, дахин нэг усаар авах уу, болж уу" гэж асууж байж билээ. хэхэ. Гэхдээ би архичин болоогүй л дээ. Согтож ч үзээгүй.
Мөнгө хатуу байсан үе. Аав ирж нөгөө мөнгийг маань үзчихээд "Юун их мөнгө хэн өгсөн. Шуналтай болох нь" гэж зандрахад би гэдэг нэг хэрүүлийн бузар чинь уйлаад явчихалгүй яахав. Эмээ өмөөрөлгүй л яахав. Намайг өмөөрөн аавыг загнаж, ээж эмээтэй нийлээд бас аавыг загнан бөөн юм болоход би "хэрэггүй л эмээд хэллээ дээ" гэж харамсаж байсан. Өмнө нь бас намайг өмөөрч унь барин аавыг хөөж байсан санагдаж байна. 80 нэлээд гарчихсан хүн чинь хөөнө ч гэж юу байхав. Ямар ч байсан униар цохих гэж л оролдсон байх.

... "Тэр явдал" болохоос 3 жилийн өмнө. 5-р ангиа төгссөн зун. Аав, ээжийн гэр Тэрэлжийн Шижрээ гэдэг газар, Өвөө эмээгийн гэр Тэрэлжийн голын цаанаа л байлаа. Би зунжин эмээгийн дэргэд дураараа тарвалзаж билээ. Миний амьдралд тохиолдсон хамгийн хөгжилтэй зун байсан ч юм шиг санагддаг. 2 найз охин, нагац эгч гуравтайгаа өдөр болгон их гол /Тэрэлжийн гол/ орж усанд сэлж байна гэж тоглоод л. Өдөр болгон шахуу эмээд "Гол орлоо. Дээлээ өгөөч" гэж хэлээд гол дээр очоод тоглож өгдөг байсан.
Эмээ намайг дураар нь дургиулдаг байсан болохоор бараг юу ч хийлгэхгүй санаатай. "Өглөө намайг сэрээгээч. Би үнээ саалцмаар байна" гэж гуйхад "Унтаж амар. Ядарчихна" гээд сэрээдэггүй байсан болохоор нагац эгчээсээ нууцаар гуйж байгаад өглөө эрт тэр хоёртой хамт босч, тэр зун үнээ саах "чадвар"- аа овоо дээшлүүлээд авсан.
Тэнэгхэн намайг манай тэр хавийн зарим хүн "Эмээгээ зараад. Эмээдээ тусалдаггүй" гэж ярьдаг маягийн юм дуулдаж байсан.

Эмээ маань манай ээжийн бас эмээ нь байсан. Хэрвээ надад тэр хэцүү үед яваад очих хүн байгаагүй бол, өмөөрөх бас нэг хүн байгаагүй бол, өвөртөө эрхлүүлэх бас нэг хүн байгаагүй бол миний хүүхэд нас яаж өнгөрөх байсныг би төсөөлж мэдээж чадахгүй.

ГЭХДЭЭ "ДАРАА" ГЭЖ БАЙГААГҮЙ...

... Тэрэлжийн бага сургуульд 3 жил сурч төгсөөд би 4-р ангиасаа гэрээсээ хол байж, айлын тогоо өнгийж, хүний аяыг аялан амьдрах замд орлоо. Үүнтэй зэрэгцэн эмээд ч бас нэг ажил нэмэгдэв. Намайг хагас сайн өдөр гэртээ иртэл 7 хоног хүний өгсөн барьсан, олдсон гээд амттай шимттэй бүхнээ жоорлон, надад хадгалах.
Энэнээс болж би нэг хэсэг "сур харвалт"-ын мастер болсон. Ялангуяа дотуур байранд орсны дараа нэг юмуу хоёр долоо хоног тос өөх багатай юм идэж байгаад гэртээ очиход баахан хурц хурц юм гаргаж ирээд өгнө. Би ч тэсэлгүй бүгдийг нь идэж орхиод л... хэхэ.
Эмээг нутаглуулсны дараа өвөө надад авдарнаас нь тэр үед моод болоод байсан бурамтай чихэр гаргаж ирээд "чамд л хадгалаад байсан биз" гээд өгсөн. 3 сар хадгалсан байсан. Гэтэл би...

Эмээтэй анх удаа бөгөөд сүүлийн удаа 3 сар уулзахгүй байж үзсэн нь тэр. "Эмээ чинь чамайг 'ирэхгүй байна' л гээд байна лээ" гэсэн үгийг дотуур байранд хамт байсан хүүхдээс сонсож байхдаа, эмээд юм өгч явуулж, орой орондоо ороод "Эмээг битгий үхүүлж өгөөрэй" гэж бурхан тэнгэрээс хий дэмий гуйж байхын оронд яваад оччихгүй.

... Миний доод талын дүү намайг 2 нас арай хүрээгүй байхад төрөөд тархины гэмтлийн улмаас 6 сар эмнэлэгт ээжтэй хэвтсэн гэсэн. Би ээжийг төрөн төртөл хөхнөөсөө гараагүй байсан болохоор ээжийг төрөх гээд явснаас хойш эмээгийн ширгэчихсэн мөөмийг хорстол нь үлгэдэг байсан гэсэн. Эмээ тэр үед 76 настай байж. Харьцангүй залуу л байж. Аавыг очиход эмээ: "МУухай хорсч байна. Зугтаамаар л байна" гээд сууж байсан гэсэн. Тэгэхээр би эмээгийн халуун сүүг нь хөхөөгүй ч мөөмийг нь хорстол нь үлгэж хүн болжээ. Бид хоёрын дэндүү зузаан нөхөрлөлд энэ явдал томоохон түлхээс болсон байж магадгүй.
Дараа нь би эмээгийн мөөмийг тоглоомоор хөхдөг байсан. Бас эмээг үнсэхээр эмээ: "Ийм муухай хүнийг үнсээд" гээд инээхэд би "Үгүй муухай биш, муухай биш" гэдэг байсан. Нээрээ л надад муухай биш санагддаг байсан. Тэр үед, 8-р ангид байхдаа "Давхраатай нүд гэж ямар нүдийг хэлдэг юм бэ" гэж хүүхдээс асууж байсан надад 88 нас хүрсэн, халзан толгойтой... эмээ маань хөөрхөн харагдах нь нэг бодлын аргагүй.
Би эмээг угаасаа үстэй байхыг нь хэзээ ч хараагүй. 74-тэйд нь би төрсөн юм байна лээ.

... Эмээ намайг том болсны дараа хааяа нэг: "Хүн ханын ёроолд төрж, харганын ёроолд үхдэг", "Ханан гэр минь холдож, хадан гэр ойртлоо" эсвэл "Эмээ нь үхнэ ш дээ" гэдэг байсан. Тэр үед би: "Үгүй та үхэхгүй, үхэхгүй" гэж хэлээд амыг нь гараараа таглаад инээлгэчихдэг байсан. Эмээ: "Янзын хүүхэд шүү" гээд л хөхөрдөг байсан. "Эмээ нь үхнэ. Тэгэхээр битгий их уйлаарай. Нулимс чинь нуур болоод замд тогтчихоор эмээ нь наашаа ирж чадахгүй. Харин "Надад үр болгон заяагаач" гэж залбирч байгаарай" гэж ярихад нь би тэнэг юм шиг "Үгүй та үхэхгүй, үхэхгүй" гэж урвалзаад л. 90 нас дөхөж байхад, хорвоогийн жам ирэхийг эмээ мэдээд л хэлж байж.

Хүнтэй ярьж байхдаа миний тухай: "Хөгшин хонины насгүй болчихоод энэ хүүхдийг дасгачихлаа даа" гэж байсан. Бас ээж: "Хүүхэд дасгачихлаа" гэж хэлж байсан.
"Энэ авдарт үстэй тийм тийм дээл байгаа. Энэ цайны дээж хийдэг том цөгц чинь цалин цагаан мөнгө. Эмээгээ үхэхээр аваарай" гэж хэлэхдээ чадлынхаа хэрээр л миний ирээдүйд санаа тавьж байгаа нь тэр байсан бололтой. Харин би нөгөө: "Үгүй та үхэхгүй, үхэхгүй" гэдгээ хэлээд л инээлгэнэ, эсвэл амыг нь таглана. Даан ч эмээг ойлгодоггүй байж.

Гэхдээ би цаанаа бол ойлгож байсан байх. Эмээг орой тахилаа өргөх гээд гараад явсны дараа бурханы авдрын өмнө мөргөж: "Эмээг битгий үхүүлээрэй" гэж гуйж байсан. Есүсийн цуглаанд явсынхааа дараа "Эмээг битгий үхүүлээрэй" гэж бас гуйдаг байсан Эмээ эцсээ хүртэл ёстой харьцангүй хөнгөн шингэн байсан ч яраад долоо хоногоор ч юмуу хэвтэрт орох үе хааяа хааяахан тохиолддог байсан. Тэр үед би эмээгийн оронд тахилыг нь өргөхөөр гараад бас л "эмээг битгий үхүүлээч" гэж залбирч гуйдаг байсан.

Дүү нар ар араасаа гараад байсан болохоор би ээжийн өврөөс эмээгийн өвөрт ухаан орохдоо л шилжчихсэн байсан. Гэтэл би гэж нэг юм дэндүү өсгөлүүүн дэнхгэр хүүхэд байсан болохоор дөнгөж 3-р ангид ороход л эмээ авч унтах дургүй болчихлоо. 3-р ангид байхдаа 6-р ангийн хүүхэд шиг том биетэй байсан болохоор аргагүй. Жижигхэн төмөр орон дээр дэнхийсэн том биетэй намайг өвөртөлж унтахад их хэцүү байсан бололтой. Их хэцүү байдаг гэж эмээ хэлдэг байсан. Дэнхгэр том ч, сэтгэлээрээ бол нялхаараа байсан би эмээтэй унтах гэж шална гэдгийг үзүүлдэг байлаа. Орой болохоор л: "Эмээ би тантай унтья тэгэх үү" гээд л шалаад л байна шалаад л байна. Их хэцүү байдаг гээд эмээг учирласаар байхад л нойтон хамуу шиг шалаад л байна. Эмээгийн өврөөс ганцаараа унтаж сурах үе рүү шилжих тэр шилжилтийн үе надад хэцүү байсан бололтой.
Бас эмээгээс салахгүй шалж зовоодог байсан юм бол хамт тоглох. "Хамт хөзөр тоглоё тэгэх үү" гэж гуйхад эмээ : "Эмээ нь толгой өвдөөд байна. Тоглохгүй" гэхэд би учиргүй шалсаар байгаад л зөвшөөрүүлчихдэг байсан.
Би ойлгодоггүй байж дээ.
"Ганцхан ш дээ" гээд л гуйгаад байна. Эмээ: "За ганцхан л тоглоё" гэж хэлээд зөвшөөрөхөд нь би эмээг нэг тоглочихвол ганцаар тогтохгүй гэдгийг нь мэддэг байлаа. Залуудаа нэг хэсэг талийгч нөхөртэйгөө, хүүхдээ үүрээд хэд хоногоор тоглож, хайнагийн үнээгээ ч тоглоомонд алдаж байсан гэж дурсдаг манай эмээ нэг тоглочихвол халуураад нэлээд хэд тоглочихдог байсан. Гэхдээ "тоглоом хар мөртэй" гэж ярьдаг байсан.
15 жилийн яг өдийд миний амьдралын үнэхээр хэцүү үе тохиогоод байж...

... Айлд зурагт үзчихээд орж ирэхэд орны минь тоос шороог гөвж, овгор товгорыг нь янзлаад засаад тавьчихдаг, гэрт байхад "идэх үү, уухуу" гээд л аль байгаагааа барьж гүйдэг, бүтэн сайн өдөр Налайх руу сургуульдаа явах бүр тэтгэврийн мөнгөнөөсөө бага сагыг илүүчилж өгдөг байсан тэр хүнийгээ би хэр мэдэх вэ гээд бодоод үзэхэд 88 насалсан эмээгийнхээ сүүлийн 14 жилийн амьдралыг нь мэддэг байсан.
Амьдрал гэж сонин юм шүү.
Эмээ намайг Налайх руу сургуульдаа явах бүр нэг хацрыг минь үнсээд "За эмээ нь дараа ирэхэд чинь нөгөө хацрыг нь үнснэ" гэж хэлдэг байсан. Гэхдээ очиход нөгөө хацрыг үнсдэггүй байсан болохоор би тоглоод: "Эмээ явахад дандаа тэгж хэлдэг ч ирэхэд үнсдэггүй" гэдэг байж билээ.

Түүнчлэн 1995 оны цагаан сарын шинийн 3-нд байхаа, хамгийн сүүлд эмээ цагаан тос, хэвийн боов торонд хийж надад бариулаад, миний нэг хацрыг үнсээд: "Эмээ нь дараа ирэхэд нь нөгөө хацрыг нь үнснэ" гэж хэлээд, гэрийнхээ гадаа гаргаж өгөн, үүдэн дээрээ миний араас хараад хоцорсон дүр зургийг би одоо ч санаж байна. Гэхдээ "дараа" гэж байгаагүй.

ЖИРИЙН НЭГЭН МОНГОЛ ЭМЭГТЭЙН АМЬДРАЛ

Амьдрал гэж нэг бодлын сонин ч юм шиг. Хамгийн хайртай гэж бодож байгаа хүнийхээ амьдралын багахан хэсгийг л би мэддэг, амьдралынх нь сүүлийн харьцангүй цөөхөн хэдэн жил л би хамт байсан байгаа юм. Одоо бодоход. Миний ч гэсэн амьдралын харьцангүй цөөхөн жилүүдэд хамт байсан болж таарч байна.
...Эмээ өдөр завтай үедээ даралтны юмуу хавангийн эмээ уучихаад л /одоо бодоход хамаагүй тэгж ууж болдог байсан юм болов уу/ орон дээрээ эрхээ эргүүлэн хэвтдэг байсан. Тэгээд надад: "Хайртай хүүгээ шороонд булуулчихсан, ганц дүүгээ шороонд булуулчихсан. Өчнөөнийгөө шороонд булууллаа. Одоо ингээд амьд байж байдаг би гэдэг нүгэлтэй амьтан юмаа" гэж байсан. Би анхааралтай сонсдог байсан ч, тэр хүний сэтгэлийг тийм ч сайн ойлгодоггүй байж.

Бас бага залуу насныхаа амьдралын талаар ярьж өгч байсан юм. Гамингууд нутгаар нь дайрч өнгөрөхөд юу болсон тухай дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэр үед эмээ хүүхэд байж л дээ. Хүүхэд, залуу хүмүүс гамингаас зугтаагаад уул хад руу дайжаад гарчихсан гэсэн. Тэгээд нууцаар харж байгаа бүх юм өнгөрсний дараа ирсэн гэсэн. Харин настайчууд хөгшчүүд зугтааж чадалгүй үлдсэн юм байх. Тэгээд тэднийг уул хадан дээрээс тандаж байгаад бууж ирэхэд зарим нэг хөгшчүүлийн нүдийг ухаад хаячихсан байсан гэсэн. Эмээ энэ тухай надад яриад: "Одоо ч гэсэн гамингууд ирвэл та нар намайг орхиод явна"гэж хэлэхэд нь би: "Үгүй, би таныг яасан ч орхиж явахгүй" гэж байсан. "Үгүй ээ орхиод явна" гэхэд би итгэхгүй байгаад нь байж ядан, чин сэтгэлээсээ: "Үгүй, би таныг яасан ч орхиж явахгүй" гэж байж билээ.

Манай эмээ хонь жилтэй гэсэн. 1907 онд, одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт төрсөн гэсэн. Угтаа миний элэнц эмээ л дээ. 12 хүүхэд төрүүлснээс намайг бага байхад 5 нь амьд сэрүүн байсан. Одоо 3-нь сэрүүн тунгалаг бий. 12 настайдаа 8 настай охин дүүтэйгээ хоёулхнаа өнчрөн үлдээд, яваандаа гэр бараа, мал гээд хамаг юмаа орхин хот бараадсан гэсэн байхаа.
Би алган дээр нь бөмбөрөн өсч байхад эмээ харин миний насан дээр яаж нэг юм амьдарч явсан юм бол доо. "Өнчин хүнд ноён олон" гэдэг шиг л байсан гэсэн байх.

Анхны нөхөр нь гадуур явж ирээд, уяан дээр нь урьд шөнийн адууны хомоол байвал хардан зодож, бүр үсийг нь зулгаасаар байгаад үсээр нь дээс томчихсон байсан тухай ярьж байсан гэсэн. Би үүнийг хэдхэн жилийн өмнө ээжээс сонссон. Бас тэр нөхөр нь хоёр хүүхдээ /тэр хоёр эмээ хэдэн жилийн өмнө өөд болсон/ хүчээр булааж аваад явахад нь эмээ бараг галзуурах гэж байсан гэсэн. Энэ тухай бас л ээжээс сүүлд сонссон.
Эмээ бас хээр явж байгаад төрж байсан гэсэн. Ёстой аймаар. Бас л ээжээс сонссон.
Хэдийгээр ээжийн эмээ нь ч гэсэн, ээжийг бас өсгөсөн хүн л дээ.
Ингээд бодоход үе үеийн монгол эмэгтэйчүүд маань ямар их зовлон бэрхшээл туулж амьдардаг байсан юм бэ. Бидний энэ амьдрал үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, их үнэ цэнээр олджээ.

Эмээ 12 төрсөн ч сүүлд 5-нь л байсан. Орчин үеийн анагаах ухаан, дархлаажуулалт бий болоогүй тэр үед нялхсын эндэгдэл ийм их байжээ. Өнгөрөөд байсан болохоор эмээ дээрх 5 хүүхдийнхээ 4-ийг нь хүнд өргүүлчихсэн байсан. Харин манай ээжийн ээжийг л авч үлдсэн байна.

Бас нэг хайртай хүү нь шилний үйлдвэрт билүү юуны үйлдвэрт гэлээ ажиллаж байгаад элсэнд даруулж өөд болсон гэсэн. Үхэл зовлон ямар ч элбэг байсан юм. Одоо ч элбэг байгаа л даа. Хүү нь үнэхээр шороонд дарагдаж өөд болсон эсэх нь бас нэг их баталгаатай биш л юм шиг байна лээ. Харин өмнө нь дурдсан ганц дүү нь /бид "жээжээ" гэдэг байсан/ намайг 2 нас хагастай байхад нас барсан. Пүрэв гэдэг Тэрэлжийн Мод Араамандаа хөрөнгө чинээтэй, хоёр нөхөртэй авгай байсан гэсэн. Би бүдэг бадаг л санадаг юм. Тэр жилийн цагаан сараар золгох гэж аав, ээжтэй очиж байснаа бүүр түүр санадаг.
Үр хүүхдүүдийг тооцохгүйгээр хамаатан садан гэвэл газар дээрх ганц дүү нь л байсан болохоор эмээ жээжээд хайртай байсан бололтой. "Хүүгээ, ганц дүүгээ шороонд булуулчихаад би амьд явж байх гэж" гэж байсныг бодоход.

Өвөө, эмээ Тэрэлж хавь, Налайхын цаад талын Баян Даваа, Тэрэлжийн Мод Араам гэх мэт газраар нэлээд дээрээс нутаглах болсон байх.
Манай эмээ Төв аймгийн Баянзүрх сумын харьяанд нэлээд олон жил болсон байх. Төв нь Налайхын хойд талын цэргийн ангийн тэнд байсан сум. 1978-79 онд энэ сум татан буугдахад автоматаар Төв аймгийн Эрдэнэ сумын харьяанд шилжжээ. Өвөө, эмээ бид гурав нэг хэсэг Эрдэнэ сумаас картын бараа авдаг байлаа. Картын барааны үед би эмээгээр "Карт" гэж хэлүүлэх гэхээр эмээ "Харт" гэж хэлэхэд би татаж унатлаа инээдэг байсан сан.

No comments:

Post a Comment