Sunday, May 9, 2010

Бай Зюй И "Бор өргөө"

Тан улсын яруу найрагч Бай Зюй И (772-846) (Хөрвүүлсэн Б.Ринчен)

Бор өргөө

Мянган хонины мяндсан ноос
Хоёр зуугаад төмөр гархи хэрэглэж
Бургасан унь, ханатай гэр бүтэж
Булай тохитой, бат бэх нь сайхан.
Умар зүгийн униартан харагдах
Сайхан агаараа сайн эр барьсан
Хөх ногоон зүлгэн дээр босгосон
Хөлтрөгөт* гэр нь эзнээ даган ирвэй.
Сэрүүн салхинд ширвүүлэхгүй
Бороонд бүрээс нь чангараад
Дотроо булан цулангүй агаад
Таатай дулаан гэр юутай сайхан.
Уул тал нутгаас уудам тэр өргөө
Миний хашаанд хүрч ирээд
Саранд сүүдэр нь гоёхон үзэгдээд
Салшгүй сайхан тэр гэртээ өвөлжнөм би.
Эсгий бүрээс нь цан хяруу нэвтрэхгүй
Цасны их орсон ч санаа амар бөгөөд
Хурын усыг хучин хамгаалж нөмрөөд
Ангийн зөөлөн үс сагсайн овоолоостой
Хуурч хүн хажууд хөгжимдөн суугаад
Галын дэргэд бүжигчин бүжин баясгана
Шавар байшингаас гэр юутай сайхан байнам
Хөлчөөд ирвэл зөөлөн ширдэг дээр жаргана.
Задгай галын дөл залгагдан бадраад
Сэтгэл сэргэм сонин сайхан үзэгдэж
Цогийн илч зүг зүг тархан түгэж
Үүрийн цахирмын* үнэр мэт таатай
Шөнө галын утаа өрхөөр суунаглаж
Харанхуй огторгуйд замхран арилсаар
Хөлдүү бэх гэсэн гэсэж хайлсаар
Хаврын хүрхрээ мэт шүлэг урсганам.
Байшинд цахирма хөшиг бахдан татавч
Гэрийн сайхныг мэдрэгсэд дурлахгүй
Өвөл өнтэй ч гэсэн даараад тэсэхгүй
Хулсан байшинтангууд сандрах бий.
Хорвоог тэвчсэн хуушаан* оронд орсон номч
Гэрт суухыг цөм дурлан хүснэм бөгөөд
Би ч зочноо гэрт залан хурим өргөөд
Ач үрдээ гэрээ үлдээж хадгална шүү.
Ноён ордон байшингаа сийлбэрлэн чимэвч
Хөх гэр, бор өргөөг гүйцэх нь хол бий
Сурвалжит өндөр угсаатан олон бий бий
Гэрээ хамаг ордонгоор нь солих нь хол бий.

*1-Хөлтрөг- Монгол гэрийн дээврийн гадуур бөс зэрэг эдээр хийж, тооныг тойруулсан бөгөөд 4-н зүй ханын тогой хүртэл нарийвтар урс хошуу гарган хийсэн янз чимэг
*2- Цахирма- Ой хээрийн бүсэд нутатай газраар ургадаг олон нас ургамал
*3- Хуушаан- Хөхийн шашны лам

No comments:

Post a Comment