Tuesday, May 4, 2010

Цаг ирвээс...


Б.Ринчен "Цаг ирвээс..."

Би цэцэрлэгч бүлгээ. Цэцэрлэгтээ сэтгэлийн яруу цэцгийг энхрийлэн ургуулнам билээ. Хүмүүний нүднээ ил үзэгдэх арвис билгийн тунгалаг өнгөт сэтгэлийнхээ цэцгийг төрсөн нутгийнхаа алтан наранд сэлгэж, долгилогч зүрхнийхээ халуухан цусаар тордон ургууллаа би.
Хорт муу нүднээс энхрийлэнхэн хамгаалж, цэцэрэгт орох үүд хаалга бий. Гагц, цаг ирвээс миний цэцэрлэгийн хаалга өөрөө нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, хүжсийн үнэр анхилсан цэцэрлэгтээ удирданхан оруулмуу би. Тэгээд цэцэрлэг минь түмний цэнгэл баярын цэцэрлэг болюу.
Би санг хадгалагч бүлгээ. Сэтгэлийнхээ яруу эрдэнэсийг сандаа энхрийлэн хадгалнам билээ. Хүмүүний нүднээ үл үзэгдэх арвис илбийн хурц өнгөөр эрдэнэс минь гилбэлэнхэн, алаг зүрхний минь гал улаан цус гялалзан байгаа нь тэр буюу. Муу нүднээс энхрийлэн хамгаалж, эрдэнэсийн санд зам үүд хаалаа би. Гагц цаг ирвээс миний эрдэнэсийн сангийн хаалга өөрөөн нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, гялалзанхан гилбэгнэсэн эрдэнэсийнхээ санд удирдан оруулмуу би. Тэгээд эрдэнэсийн сан минь, түмний түгээлийн сан болюу.
1933.IX.9

No comments:

Post a Comment