Friday, May 20, 2011

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ОРОХДОО АНХААРУУШТАЙ ЗАРИМ ЗҮЙЛ...

Орчуулж, "Хүмүүсийн амьдрал" сонинд нийтлүүлсэн нэг зөвлөгөөгөө орууллаа. Хүмүүст хэрэгтэй санагдаад.

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ОРОХДОО АНХААРУУШТАЙ ЗАРИМ ЗҮЙЛ...

Хэлэх үгнээсээ гадна хэрхэн илэрхийлэх янз маягаа бод. Хэрвээ зүрхшээсэн үедээ гаргадаг нэгэн хэвийн, үлбэгэр уйтгартай аялгаар яривал та лав л сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин тэр компанид ажиллах хүсэл тэмүүлэл, баяр хөөрөө харуулж чадвал та маш их оноо авна.

Таны хариултаас дараагийн асуулт урган гардаг тул бэлтгэлтэй, бодолтой байгаарай. Сайн ярилцагч танд маш нарийвчилсан асуултууд тавьж, өмнөх ажилдаа яг ямар үүрэг хариуцлага гүйцэтгэж байсныг тань асуух болно. Энэ асуултын хамгийн сайн хариулт бол эхлээд танд хүлээлгэсэн хариулцага болон тухайн үеийн байдлыг, дараа нь авсан арга хэмжээгээ, эцэст нь үр дүнгээ тайлбарлах юм.

Ярилцлагад орохоосоо өмнө бэлтгэвэл амжилтад хүрнэ. Найз нөхдөөрөө асуулт тавиулж, ярилцлагад орох дасгал хий. Толинд харан асуултад хариулж сургуулил. Та өөрййнхөө талаар цохон тэмдэглэхийг хүсч буй 3-4 зүйлийг бэлтгэ. Бэлтгэлтэй байвал ярилцагч ямар ч асуулт тавьсан та чухал зүйлээ хариултандаа оруулж чадна.

"Би энэ асуултыг чинь сайн ойлгосонгүй" гэж хэлэхээс айх хэрэггүй. Мөн маш хурдан хариулах гэж яарах хэрэггүй. Шаардлагатай бол түр азна. Та л өөрөө сандарч тэвдэн, эвгүй байдалд орохгүй, тайван байвал азнах нь тийм ч муу зүйл болж харагдахгүй. Хариултандаа яаран орсноор та алдаа гаргаж ч мэдэх юм шүү. Тиймээс: "Их сонирхолтой асуулт байна. Энэ талаар би жаахан бодож болох уу?" гэж хариулбал хэн ч: "Үгүй. Шууд хариул" гэхгүй.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДВАРЛАГ АЖИЛЧИД БҮР ХЭЦҮҮ АСУУЛТ ТАВЬДАГ БОЛСОН

"Таван жилийн дотор юу амжуулахаар төлөвлөсөн бэ?" гэх мэт асуулт хоцрогджээ. Харин илүү нарийн тодорхой асуулт тавих болсон.

"Тантай хамт ажиллагсдын нэг бусдынхаа дэргэд ажлыг тань шүүмжилсэн тохиолдол бий юу? Та хариуд нь яаж хандсан бэ? Энэ явдал таны ажлынхантайгаа харилцах харилцаанд ямраар нөлөөлсөн бэ?" гэсэн асуулт таны харилцах чадварыг шалгах гэж байж болно. Энэ нь нэлээд ярвигтай асуулт тул үүн шиг асуултуудад бэлтгэлтэй байгаарай. Та маш эвгүй аашаар хариу барьсан тухайгаа сонирхуулбал тэд тийм ч их баярлахгүй байх.

Үнэн мөнөөр нь боловч тун эвтэйхэн, болгоомжтой хариул. Та үргэлж л төгс төгөлдөр зүйл ярих шаардлагагүй бөгөөд зүгээр л өөрийн амжилт бүтээл, ажлын үр дүнгээ хэлж өгөөрэй. Таныг багаар ажиллах чадвартай юу, шүүмжилсэн хүнд өөрийгөө сайнаар ойлгуулах гэж оролдсон уу, таны ажлын юу нь таалагдахгүй байгаа болон хэрхэн засч сайжруулах талаар хамтран ажиллагсадтайгаа ярилцаж үзсэн үү гэдгийг тэд мэдэхийг хүсч байгаа хэрэг.

Гэтэл таныг хүмүүс шүүмжлэхэд та дүрсхийн уурлаж, зохисгүй зан гаргасан бол яах вэ? Худал хэлэх үү гэсэн асуулт урган гарч байгаа биз? Харин энэ үед сул талаа эерэг зүйл рүү хөтлөх арга хэрэглээрэй. "Тиймэрхүү зүйл тохиолдоход би зөвөөр шийдвэрлэж чаддаггүй байсан ч ийм байдлаар ажил хэргийн ертөнцөд амжилт гаргаж чадахгүйгээ ойлгосон юм" гэх маягаар хариулж болох юм шүү. Өөрөөр хэлбэл өнгөрсөн явдлын тухай үнэнийг хэлэхийн зэрэгцээ: "Би дээрх явдлаас сургамж авсан бөгөөд дахин тийм зан гаргахгүй байхаар шийдсэн" гэж болно.

ЯРИЛЦЛАГЫН ДАРАА...

Ярилцлагын дараа өөрийн сонирхсон зүйлсээ заавал асуугаарай. "Энэ ажлыг хийхэд ямар ямар чадвар шаардлагатай гэж та бүхэн үзэж байна вэ?", "Дараагийн 2-3 сарын дотор ямар ямар ажил амжуулаасай гэж та бүхэн хүсч байгаа вэ?" гэх мэт. Тэд таныг шалгаж буйтай адил, та ч тэр компанийг шалгаж буйгаа санаарай. Хэрэв та ярилцлагын дараа юм асуухгүй бол тэд таныг ажилд орохыг төдийлөн сонирхохгүй байна гэж ойлгож мэдэх юм.

Ялангуяа та гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орохоор ярилцлагад орсон бол дараа нь талархлын захидал заавал явуулаарай. Энэ нь тэдний бизнесийн соёлтой холбоотой зүйл юм. Цахим шуудангаар явуулсан ч болно шүү дээ.Та захидалдаа цаг зав гаргаж ярилцсанд нь чин сэтгэлийн талархал илэрхийлэхээс гадна өөрийн хамгийн сайн чанарууд, чадварын талаар цохон тэмдэглэж болно. Мөн энэ боломжийг ашиглан, таны чадвар тэдний шаардлагад нийцэж буйг илэрхийл.

Ярилцлагын үеэр ямар нэг чухал зүйл хэлэхээ мартсан, дутуу хэлсэн зүйл байвал нөхөц хэлэх сайхан боломж юм. Гэвч энэ бүхнийг богинохон, маш товч бөгөөд энгийнээр бичээрэй.

Ажил хэрэгч хүмүүст цаг зав тун хомс байдаг тул 2-3-хан догол мөрөнд багтаан бичихэд болно. Тантай уг ажлын байрны төлөө өрсөлдсөн улсаас нэг нь ч талархлын захидал явуулаагүй байж мададгүй. Тиймээс талархлын захидал явуулснаар танд ашигтай шийдвэр гарч болох юм шүү. :-)))

Орчуулсан Б.Ууганбаяр

"Хүмүүсийн амьдрал" сонин

Friday, April 1, 2011

Bye bye Eagle

It was 4 years ago and it was exactly this time of the year, namely 1 April that i started working for Eagle TV as a full time translator. And exactly after 4 years i am saying "bye bye" to Eagle. Now the Heir Worthy production team belongs to a new company...

Wednesday, March 23, 2011

Happy birthday to you Uuganaa

Манай албаныхан миний төрсөн өдрөөр хийж өгсөн бяцхан клип энд бий.

Monday, January 3, 2011

"Би ... харж байна" гэнэ шүү.

Сүүлийн үед "Энэ асуудлыг би тэгж харж байна.", "Би энийг ... гэж харж байгаа л даа.", "Миний харж байгаагаар..." гэж зурагт мурагтаар лаг лаг мундаг яриатай хүмүүс ярьж байх их л сонсогдох боллоо. Хамт ажилладаг нэг сэтгүүлчийнхээ хийдэг нэвтрүүлгийг гэнэдээд халь хартал, хэхэ, бас л "Би энэ зүйлийг тэгж харж байгаа, ингэж харж байгаа" гээд л...
"Монгол хэлэнд муу орчуулгын нөлөө тусч буй зарим баримт" гэдэг нэртэй шүүмж өгүүлэл уншиж байсан. Яг л энэ өгүүллийн нэр шиг энэ бол махчилсан орчуулга монгол хэлэнд шууд туссаны л нөлөө л дөө хөө.
"As i see it...", "I see it..." гэх мэтээр хэрэглэгддэг "see" гэсэн үг байгаа.
"See" гэдэг үгийг зөвхөн "нүдээр үзэх, харах" гэдэг шууд утгаараа хэрэглэгдэх үед л "харах" гэж орчуулах учиртай.
Харин аливаа асуудлын талаарх үзэл, санал бодол, баримталж байгаа байр суурийнхаа тухай илэрхийлэхдээ энэ үгийг хэрэглэсэн байвал би хэзээ ч "Би .. харж байна.", "Миний харж байгаагаар..." гэж орчуулдаггүй. Харин "Би тэгж үзэж байна" гэвэл хамаагүй илүү ононо.Үүнтэй ойролцоо утгатай өөр олон үгээр орчуулж болно. "... бодож байна, миний үзлээр, миний бодлоо, ...байх л даа, юм биш үү" ч гэдэг юмуу.
Харин "харж байна" л яасан ч биш шүү.

Wednesday, July 21, 2010

Элэг дэвтээдэг зүүд


... Манай эмээ гурван хэсэг юм барьчихсан, үүрчихсэн явж байсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод нөгөө гурван юмыг нь "Би бариад явья" гээд авсан чинь тийм ч хүнд биш байсан. Тэгээд би эмээд тус болох гээд: "энэ гурвыг чинь маргааш өглөөний автобусаар Тэрэлж рүү тан руу явуулчихья" гэж хэлсэн боловч маргааш өглөө нь унтаа залхуу амьтан чинь нам унтаад автобуснаас хоцруулчихаж...
... Эмээ бид хоёр урьдных шигээ тийм дотно биш болчихсон. Нэг л хол хөндий. Би эмээ дээр очихгүй зөндөө удчихсан байх юм. Тэгснээ гэнэт тэрийгээ ухаараад очих гээд л...

Гэхдээ энэ бүгд зүүд. Тэр 15 жилийн өмнө нас барчихсан.

Эмээг зүүдэлж хоносон шөнө эмээтэй уулзсан юм шиг л болдог. За уулзсанаас бараг ч ялгаагүй дээ. Ийм шөнүүдэд дуртай. 15 жил биднийг тусгаарлаж байгаа ч гэсэн зүүд гэж байдгийн ачаар л барим тавим, биетэй бодитойгоор уулзаж чаддаг. Биетэй бодитой биш ч надад төрүүлж байгаа мэдрэмж яг тийм.
Эмээг зүүдэлсэн шөнө элэг дэвтэх шиг болдог. Түр зуур ч гэсэн. Хэдийгээр аз жаргалтай, хөгжил баясалтайгаар зүүдэлдэггүй дандаа л уйлж байна, би эмээг, эсвэл эмээ намайг тоохоо больчихож, бид хоёр хол хөндий болчихож гэдэг утгатай юм сүүлийн жилүүдээс зүүдэлдэг болсон ч гэсэн.
Урьд шөнө эмээ рүү залгаад "Эмээ, эмээ" гээд л уйлж байна гэж зүүдэлсэн. Эмээг зүүдлээд, бас ингэж харамсаж, гашуудан уйлж байна гээд зүүдлэхээр нэг л сайхан дотор онгойгоод явчих шиг. Дотор онгойтлоо уйлна гэж байдаг даа. Тэрэн шиг л.

Одоо тэр бүр сэрүүн байхад мэдрэгдээд байдаггүй, миний далд ухамсарт, өр зүрхний чанадад хадгалагдан үлдсэн, дурсамж болсон тэр бүх гашуудал, харамсал, хагацлын зовлон гуниг гэнэт зүүдэнд минь цоо шинэхэн, яг тэр үед мэдрэгдэж байсан шигээрээ төрөх. Чухам энэ үед би эмээг одоо бол байн байн санаад бодоод, шаналаад зовоод байдаггүй ч гэсэн, өөрөө мэддэггүй ч гэсэн

Өглөө босоод харцандаа үгүйлж
Үдэш унтахдаа зүүдэндээ үгүйлж
Өр зүрх минь үгүйлдэг
юм байна даа гэж бодсон.

Тэгж надад ул мөрөө үлдээсэн ч гэх юмуу. Тэрбээр харцанд маань гуниг болон шингэсэн, зүүдэнд маань нулимс болон шингэсэн, өр зүрхний минь чанадын чанадад үгүйлэх сэтгэл шингэсэн юм болов уу.

Энэ урт амьдралын маань эхний ердөө 15 хүрэхтэй үгүйтэй жилд хамт байгаад яваад өгчихсөн, хайр халамжаа харамгүй хайрлан ивээсэн энэ хүнтэй би зүүдэндээ дахиад л уузна. Үхэн үхтлээ.

Friday, July 9, 2010

Мелодии Белой Ночи Ч.1-




One of my the most favourites. Great movie, great soundtrack. Russian- Japanese movie. Compositor Исаак Шварц.

Tuesday, July 6, 2010

Saudi Wife Shows us into her Home (part 1)



I always have been curious about Islam women and also Islam countries, their lives. I always wonder what hides behind that black cover. So i found this video very interesting.

Sunday, May 9, 2010

Бай Зюй И "Бор өргөө"

Тан улсын яруу найрагч Бай Зюй И (772-846) (Хөрвүүлсэн Б.Ринчен)

Бор өргөө

Мянган хонины мяндсан ноос
Хоёр зуугаад төмөр гархи хэрэглэж
Бургасан унь, ханатай гэр бүтэж
Булай тохитой, бат бэх нь сайхан.
Умар зүгийн униартан харагдах
Сайхан агаараа сайн эр барьсан
Хөх ногоон зүлгэн дээр босгосон
Хөлтрөгөт* гэр нь эзнээ даган ирвэй.
Сэрүүн салхинд ширвүүлэхгүй
Бороонд бүрээс нь чангараад
Дотроо булан цулангүй агаад
Таатай дулаан гэр юутай сайхан.
Уул тал нутгаас уудам тэр өргөө
Миний хашаанд хүрч ирээд
Саранд сүүдэр нь гоёхон үзэгдээд
Салшгүй сайхан тэр гэртээ өвөлжнөм би.
Эсгий бүрээс нь цан хяруу нэвтрэхгүй
Цасны их орсон ч санаа амар бөгөөд
Хурын усыг хучин хамгаалж нөмрөөд
Ангийн зөөлөн үс сагсайн овоолоостой
Хуурч хүн хажууд хөгжимдөн суугаад
Галын дэргэд бүжигчин бүжин баясгана
Шавар байшингаас гэр юутай сайхан байнам
Хөлчөөд ирвэл зөөлөн ширдэг дээр жаргана.
Задгай галын дөл залгагдан бадраад
Сэтгэл сэргэм сонин сайхан үзэгдэж
Цогийн илч зүг зүг тархан түгэж
Үүрийн цахирмын* үнэр мэт таатай
Шөнө галын утаа өрхөөр суунаглаж
Харанхуй огторгуйд замхран арилсаар
Хөлдүү бэх гэсэн гэсэж хайлсаар
Хаврын хүрхрээ мэт шүлэг урсганам.
Байшинд цахирма хөшиг бахдан татавч
Гэрийн сайхныг мэдрэгсэд дурлахгүй
Өвөл өнтэй ч гэсэн даараад тэсэхгүй
Хулсан байшинтангууд сандрах бий.
Хорвоог тэвчсэн хуушаан* оронд орсон номч
Гэрт суухыг цөм дурлан хүснэм бөгөөд
Би ч зочноо гэрт залан хурим өргөөд
Ач үрдээ гэрээ үлдээж хадгална шүү.
Ноён ордон байшингаа сийлбэрлэн чимэвч
Хөх гэр, бор өргөөг гүйцэх нь хол бий
Сурвалжит өндөр угсаатан олон бий бий
Гэрээ хамаг ордонгоор нь солих нь хол бий.

*1-Хөлтрөг- Монгол гэрийн дээврийн гадуур бөс зэрэг эдээр хийж, тооныг тойруулсан бөгөөд 4-н зүй ханын тогой хүртэл нарийвтар урс хошуу гарган хийсэн янз чимэг
*2- Цахирма- Ой хээрийн бүсэд нутатай газраар ургадаг олон нас ургамал
*3- Хуушаан- Хөхийн шашны лам

Friday, May 7, 2010

Эмээ

Ядарсан хүн ажил дээрээ, ажил тарсны дараа орж ирээд сууж байна. Өнөөдөр ажлаасаа чөлөө аваад гадуур явж хэд хэдэн газар анкет бөглөлөө...

Өглөө бөөрнөөс болоод зовхи унжчихсан, цээжин дээр хөндүүр оргичихсон, хамаг бие нэг шархираад ч байгаа юм шиг сонин болчихсон сэрлээ.
Яг энэ өдөр 15 жилийн өмнө. 1995 оны 5 сарын 7 эмгэнэлт өдөр байж билээ. Би 14 настай, 8-р ангид байлаа. Гэр Тэрэлжид байсан учраас Налайхын сурагчдын дотуур байранд байсан үе. Ердийн л нэг өдөр байсан байх. Дотуур байрандаа байж байв.

Гэтэл оройхон үүдэнд хүн уулзая гэж байна гэдэг юм байна. Үүдэнд очтол над дээр огт ирдэггүй, Налайхад байдаг манай хамаатны эгч охинтойгоо ирээд зогсож байлаа. "Эмээгийн чинь бие муу байна. Өвөө чинь энд байгаа гэнэ. Өвөөгөө ол" гэлээ. Би дээш 2 давхар руу тасаг руугаа орохдоо "бие муу" гэдэг үг худлаа юм шиг, миний битүүнхэндээ эмээж байсан тэр зүйл болчихсон юм шиг санагдсан. Одоо бодоход "эмээгийн чинь бие муу" гэж хэлснээрээ Думаа эгч миний сэтгэлийг тэр хэцүү мэдээнд бэлтгэж өгсөн ухаалаг арга хэрэглэжээ.

Хувцаслаж аваад дотуур байрнаасаа гаран Налайхын 1-р хороонд байдаг хамаатных руугаа өвөөг сураглахаар явж байхдаа юу болсныг хэдийн ухаарсан надад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л санагдаж байлаа. Хагацлын зовлонгийн дэргэд бас "Эмээ мөнхийн зовлонд орсон байх" гэсэн шашины айдас зовоон шаналгаж асан...

"ЭРГЭЖ БОДОХ БОДОЛ"

...Энэ явдал болохоос 4 сарын өмнө. Сургуулийн амралт хэзээ мөдгүй болох гэж байлаа. Манай ангийнхан нийлэхээр болж, би мөнгөнийхөө талыг өгчихөөд байв. Бас онц гарсан болохоор шагнал авах байлаа. Тэр үед миний өмнө, 4 жил буюу хамгийн удаан нэг ангид байсан ангийнхантайгаа 8-аа төгсөхийн өмнө хамгийн сүүлийн удаа шинэ жилээ хамт тэмдэглээд, амралтаараа хот руу нүүсэн ээж аавынхаа гэр рүү очих уу, унаа унш олдсон дээр Тэрэлж рүү эмээ рүүгээ очих уу гэдэг сонголт тулгарахад би эмээтэйгээ өнө мөнх хамт байж чадахгүйгээ битүүхэндээ мэдэж байсан юм байлгүй эмээ рүүгээ очихыг нь сонгож байсан юм.
Тэгээд соц нийгмийн үеийн пааз автобусанд сууж аваад замд гарлаа. Гэм биш зан байсан юм хойно замд автобус эвдэрч би өвөө, эмээгийнхээ гэртээ харанхуйд л явж очлоо. Эмээ орондоо хэдийн орчихсон байв. Намайг яваад орсон чинь эмээ дулаан орноосоо босч хувцаслаад гадагшаа амбаарт орж чингэлэгнээс мах гаргаж ирэээд, галаа түлж, тогоонд зөндөө мах чанаж өгсөн юм. Бараг л 90 дөхөж байсан настай хүн шүү дээ.
Ээж байсан бол: "Өө миний охин ирээд юу? Хоол халааж идээд орондоо ороод унтаарай" гэх байсан болов уу.

... "Энэ явдал" болохоос 6 жилийн өмнө. Би 2-р ангид байлаа. Аав, ээж хоёр өмнөх зун нь өвөө эмээгийнхээс өрх тусгаарлан тусдаа гараад байсан юм. Эмээгийн өвөрт унтаж, эмээгээрээ түрээ барьдаг эрх танхил, зөрүүд гөжүүд надад энэ нь эхэндээ том цохилт болсон юм. Аавтайгаа таардаггүй ээ... Тэр зун нэг өдөр гэртээ орох сонирхолгүй л байсан юм байлгүй гадуур хүүхдүүдтэй баахан тоглож явлаа. Тэгээд Тэрэлжийн гол руу холоос жаахан харж зогслоо. Уг нь тэр голын цаахан эмээ байгаад байдаг...
Тэгээд харуй бүрий болж, хүүхдүүд гэр гэртээ орохын үед аргагүй нэг гэртээ орж очиход хоёр охин дүү маань сэтгэл амар, тайван жаргалтай орон дээрээ унтацгааж байгааг харахад нэг л сонин мэдрэмж төрж билээ. "Би ингэж явах"... Гэтэл тэр хоёр...
За ингээд тэр гэрт амьдрахад надад үнэхээр хэцүү байсан бололтой. Тэрэлжийн гол хөлдчихсөн, өвлийн нэг өдөр би хувцсаа цуглуулж тэврээд, ээж унинаас лентийг минь /тууз/ авч өгөхөд тэрийгээ гартаа атгаад гэрээсээ гарсан. Юухан байхав, 15-хан минут явах газар. Тэрэлжийн голынхоо мөсөн дээгүүр гараад эмээ дээр очиход, хамаг хувцсаа тэвэрчихээд очиж байгаа 2-р ангийн сурагч намайг угтахдаа харсан эмээгийн тэр харц...

... "Тэр явдал" болохоос 4 жилийн өмнө. 4-р ангиа төгсдөг зун байхаа. Би усаа барьж, эмээ тогоогоо нэрж шимийн архи зараад хоёулаа халтуурынханаа мөнгийн шударгаар хуваан, /хэхэ/ эмээ надад 50 төгрөг өгдөг юм байна. Шимийн архинаас надад амсуулж үзээд, "хэр хатуу байна, дахин нэг усаар авах уу, болж уу" гэж асууж байж билээ. хэхэ. Гэхдээ би архичин болоогүй л дээ. Согтож ч үзээгүй.
Мөнгө хатуу байсан үе. Аав ирж нөгөө мөнгийг маань үзчихээд "Юун их мөнгө хэн өгсөн. Шуналтай болох нь" гэж зандрахад би гэдэг нэг хэрүүлийн бузар чинь уйлаад явчихалгүй яахав. Эмээ өмөөрөлгүй л яахав. Намайг өмөөрөн аавыг загнаж, ээж эмээтэй нийлээд бас аавыг загнан бөөн юм болоход би "хэрэггүй л эмээд хэллээ дээ" гэж харамсаж байсан. Өмнө нь бас намайг өмөөрч унь барин аавыг хөөж байсан санагдаж байна. 80 нэлээд гарчихсан хүн чинь хөөнө ч гэж юу байхав. Ямар ч байсан униар цохих гэж л оролдсон байх.

... "Тэр явдал" болохоос 3 жилийн өмнө. 5-р ангиа төгссөн зун. Аав, ээжийн гэр Тэрэлжийн Шижрээ гэдэг газар, Өвөө эмээгийн гэр Тэрэлжийн голын цаанаа л байлаа. Би зунжин эмээгийн дэргэд дураараа тарвалзаж билээ. Миний амьдралд тохиолдсон хамгийн хөгжилтэй зун байсан ч юм шиг санагддаг. 2 найз охин, нагац эгч гуравтайгаа өдөр болгон их гол /Тэрэлжийн гол/ орж усанд сэлж байна гэж тоглоод л. Өдөр болгон шахуу эмээд "Гол орлоо. Дээлээ өгөөч" гэж хэлээд гол дээр очоод тоглож өгдөг байсан.
Эмээ намайг дураар нь дургиулдаг байсан болохоор бараг юу ч хийлгэхгүй санаатай. "Өглөө намайг сэрээгээч. Би үнээ саалцмаар байна" гэж гуйхад "Унтаж амар. Ядарчихна" гээд сэрээдэггүй байсан болохоор нагац эгчээсээ нууцаар гуйж байгаад өглөө эрт тэр хоёртой хамт босч, тэр зун үнээ саах "чадвар"- аа овоо дээшлүүлээд авсан.
Тэнэгхэн намайг манай тэр хавийн зарим хүн "Эмээгээ зараад. Эмээдээ тусалдаггүй" гэж ярьдаг маягийн юм дуулдаж байсан.

Эмээ маань манай ээжийн бас эмээ нь байсан. Хэрвээ надад тэр хэцүү үед яваад очих хүн байгаагүй бол, өмөөрөх бас нэг хүн байгаагүй бол, өвөртөө эрхлүүлэх бас нэг хүн байгаагүй бол миний хүүхэд нас яаж өнгөрөх байсныг би төсөөлж мэдээж чадахгүй.

ГЭХДЭЭ "ДАРАА" ГЭЖ БАЙГААГҮЙ...

... Тэрэлжийн бага сургуульд 3 жил сурч төгсөөд би 4-р ангиасаа гэрээсээ хол байж, айлын тогоо өнгийж, хүний аяыг аялан амьдрах замд орлоо. Үүнтэй зэрэгцэн эмээд ч бас нэг ажил нэмэгдэв. Намайг хагас сайн өдөр гэртээ иртэл 7 хоног хүний өгсөн барьсан, олдсон гээд амттай шимттэй бүхнээ жоорлон, надад хадгалах.
Энэнээс болж би нэг хэсэг "сур харвалт"-ын мастер болсон. Ялангуяа дотуур байранд орсны дараа нэг юмуу хоёр долоо хоног тос өөх багатай юм идэж байгаад гэртээ очиход баахан хурц хурц юм гаргаж ирээд өгнө. Би ч тэсэлгүй бүгдийг нь идэж орхиод л... хэхэ.
Эмээг нутаглуулсны дараа өвөө надад авдарнаас нь тэр үед моод болоод байсан бурамтай чихэр гаргаж ирээд "чамд л хадгалаад байсан биз" гээд өгсөн. 3 сар хадгалсан байсан. Гэтэл би...

Эмээтэй анх удаа бөгөөд сүүлийн удаа 3 сар уулзахгүй байж үзсэн нь тэр. "Эмээ чинь чамайг 'ирэхгүй байна' л гээд байна лээ" гэсэн үгийг дотуур байранд хамт байсан хүүхдээс сонсож байхдаа, эмээд юм өгч явуулж, орой орондоо ороод "Эмээг битгий үхүүлж өгөөрэй" гэж бурхан тэнгэрээс хий дэмий гуйж байхын оронд яваад оччихгүй.

... Миний доод талын дүү намайг 2 нас арай хүрээгүй байхад төрөөд тархины гэмтлийн улмаас 6 сар эмнэлэгт ээжтэй хэвтсэн гэсэн. Би ээжийг төрөн төртөл хөхнөөсөө гараагүй байсан болохоор ээжийг төрөх гээд явснаас хойш эмээгийн ширгэчихсэн мөөмийг хорстол нь үлгэдэг байсан гэсэн. Эмээ тэр үед 76 настай байж. Харьцангүй залуу л байж. Аавыг очиход эмээ: "МУухай хорсч байна. Зугтаамаар л байна" гээд сууж байсан гэсэн. Тэгэхээр би эмээгийн халуун сүүг нь хөхөөгүй ч мөөмийг нь хорстол нь үлгэж хүн болжээ. Бид хоёрын дэндүү зузаан нөхөрлөлд энэ явдал томоохон түлхээс болсон байж магадгүй.
Дараа нь би эмээгийн мөөмийг тоглоомоор хөхдөг байсан. Бас эмээг үнсэхээр эмээ: "Ийм муухай хүнийг үнсээд" гээд инээхэд би "Үгүй муухай биш, муухай биш" гэдэг байсан. Нээрээ л надад муухай биш санагддаг байсан. Тэр үед, 8-р ангид байхдаа "Давхраатай нүд гэж ямар нүдийг хэлдэг юм бэ" гэж хүүхдээс асууж байсан надад 88 нас хүрсэн, халзан толгойтой... эмээ маань хөөрхөн харагдах нь нэг бодлын аргагүй.
Би эмээг угаасаа үстэй байхыг нь хэзээ ч хараагүй. 74-тэйд нь би төрсөн юм байна лээ.

... Эмээ намайг том болсны дараа хааяа нэг: "Хүн ханын ёроолд төрж, харганын ёроолд үхдэг", "Ханан гэр минь холдож, хадан гэр ойртлоо" эсвэл "Эмээ нь үхнэ ш дээ" гэдэг байсан. Тэр үед би: "Үгүй та үхэхгүй, үхэхгүй" гэж хэлээд амыг нь гараараа таглаад инээлгэчихдэг байсан. Эмээ: "Янзын хүүхэд шүү" гээд л хөхөрдөг байсан. "Эмээ нь үхнэ. Тэгэхээр битгий их уйлаарай. Нулимс чинь нуур болоод замд тогтчихоор эмээ нь наашаа ирж чадахгүй. Харин "Надад үр болгон заяагаач" гэж залбирч байгаарай" гэж ярихад нь би тэнэг юм шиг "Үгүй та үхэхгүй, үхэхгүй" гэж урвалзаад л. 90 нас дөхөж байхад, хорвоогийн жам ирэхийг эмээ мэдээд л хэлж байж.

Хүнтэй ярьж байхдаа миний тухай: "Хөгшин хонины насгүй болчихоод энэ хүүхдийг дасгачихлаа даа" гэж байсан. Бас ээж: "Хүүхэд дасгачихлаа" гэж хэлж байсан.
"Энэ авдарт үстэй тийм тийм дээл байгаа. Энэ цайны дээж хийдэг том цөгц чинь цалин цагаан мөнгө. Эмээгээ үхэхээр аваарай" гэж хэлэхдээ чадлынхаа хэрээр л миний ирээдүйд санаа тавьж байгаа нь тэр байсан бололтой. Харин би нөгөө: "Үгүй та үхэхгүй, үхэхгүй" гэдгээ хэлээд л инээлгэнэ, эсвэл амыг нь таглана. Даан ч эмээг ойлгодоггүй байж.

Гэхдээ би цаанаа бол ойлгож байсан байх. Эмээг орой тахилаа өргөх гээд гараад явсны дараа бурханы авдрын өмнө мөргөж: "Эмээг битгий үхүүлээрэй" гэж гуйж байсан. Есүсийн цуглаанд явсынхааа дараа "Эмээг битгий үхүүлээрэй" гэж бас гуйдаг байсан Эмээ эцсээ хүртэл ёстой харьцангүй хөнгөн шингэн байсан ч яраад долоо хоногоор ч юмуу хэвтэрт орох үе хааяа хааяахан тохиолддог байсан. Тэр үед би эмээгийн оронд тахилыг нь өргөхөөр гараад бас л "эмээг битгий үхүүлээч" гэж залбирч гуйдаг байсан.

Дүү нар ар араасаа гараад байсан болохоор би ээжийн өврөөс эмээгийн өвөрт ухаан орохдоо л шилжчихсэн байсан. Гэтэл би гэж нэг юм дэндүү өсгөлүүүн дэнхгэр хүүхэд байсан болохоор дөнгөж 3-р ангид ороход л эмээ авч унтах дургүй болчихлоо. 3-р ангид байхдаа 6-р ангийн хүүхэд шиг том биетэй байсан болохоор аргагүй. Жижигхэн төмөр орон дээр дэнхийсэн том биетэй намайг өвөртөлж унтахад их хэцүү байсан бололтой. Их хэцүү байдаг гэж эмээ хэлдэг байсан. Дэнхгэр том ч, сэтгэлээрээ бол нялхаараа байсан би эмээтэй унтах гэж шална гэдгийг үзүүлдэг байлаа. Орой болохоор л: "Эмээ би тантай унтья тэгэх үү" гээд л шалаад л байна шалаад л байна. Их хэцүү байдаг гээд эмээг учирласаар байхад л нойтон хамуу шиг шалаад л байна. Эмээгийн өврөөс ганцаараа унтаж сурах үе рүү шилжих тэр шилжилтийн үе надад хэцүү байсан бололтой.
Бас эмээгээс салахгүй шалж зовоодог байсан юм бол хамт тоглох. "Хамт хөзөр тоглоё тэгэх үү" гэж гуйхад эмээ : "Эмээ нь толгой өвдөөд байна. Тоглохгүй" гэхэд би учиргүй шалсаар байгаад л зөвшөөрүүлчихдэг байсан.
Би ойлгодоггүй байж дээ.
"Ганцхан ш дээ" гээд л гуйгаад байна. Эмээ: "За ганцхан л тоглоё" гэж хэлээд зөвшөөрөхөд нь би эмээг нэг тоглочихвол ганцаар тогтохгүй гэдгийг нь мэддэг байлаа. Залуудаа нэг хэсэг талийгч нөхөртэйгөө, хүүхдээ үүрээд хэд хоногоор тоглож, хайнагийн үнээгээ ч тоглоомонд алдаж байсан гэж дурсдаг манай эмээ нэг тоглочихвол халуураад нэлээд хэд тоглочихдог байсан. Гэхдээ "тоглоом хар мөртэй" гэж ярьдаг байсан.
15 жилийн яг өдийд миний амьдралын үнэхээр хэцүү үе тохиогоод байж...

... Айлд зурагт үзчихээд орж ирэхэд орны минь тоос шороог гөвж, овгор товгорыг нь янзлаад засаад тавьчихдаг, гэрт байхад "идэх үү, уухуу" гээд л аль байгаагааа барьж гүйдэг, бүтэн сайн өдөр Налайх руу сургуульдаа явах бүр тэтгэврийн мөнгөнөөсөө бага сагыг илүүчилж өгдөг байсан тэр хүнийгээ би хэр мэдэх вэ гээд бодоод үзэхэд 88 насалсан эмээгийнхээ сүүлийн 14 жилийн амьдралыг нь мэддэг байсан.
Амьдрал гэж сонин юм шүү.
Эмээ намайг Налайх руу сургуульдаа явах бүр нэг хацрыг минь үнсээд "За эмээ нь дараа ирэхэд чинь нөгөө хацрыг нь үнснэ" гэж хэлдэг байсан. Гэхдээ очиход нөгөө хацрыг үнсдэггүй байсан болохоор би тоглоод: "Эмээ явахад дандаа тэгж хэлдэг ч ирэхэд үнсдэггүй" гэдэг байж билээ.

Түүнчлэн 1995 оны цагаан сарын шинийн 3-нд байхаа, хамгийн сүүлд эмээ цагаан тос, хэвийн боов торонд хийж надад бариулаад, миний нэг хацрыг үнсээд: "Эмээ нь дараа ирэхэд нь нөгөө хацрыг нь үнснэ" гэж хэлээд, гэрийнхээ гадаа гаргаж өгөн, үүдэн дээрээ миний араас хараад хоцорсон дүр зургийг би одоо ч санаж байна. Гэхдээ "дараа" гэж байгаагүй.

ЖИРИЙН НЭГЭН МОНГОЛ ЭМЭГТЭЙН АМЬДРАЛ

Амьдрал гэж нэг бодлын сонин ч юм шиг. Хамгийн хайртай гэж бодож байгаа хүнийхээ амьдралын багахан хэсгийг л би мэддэг, амьдралынх нь сүүлийн харьцангүй цөөхөн хэдэн жил л би хамт байсан байгаа юм. Одоо бодоход. Миний ч гэсэн амьдралын харьцангүй цөөхөн жилүүдэд хамт байсан болж таарч байна.
...Эмээ өдөр завтай үедээ даралтны юмуу хавангийн эмээ уучихаад л /одоо бодоход хамаагүй тэгж ууж болдог байсан юм болов уу/ орон дээрээ эрхээ эргүүлэн хэвтдэг байсан. Тэгээд надад: "Хайртай хүүгээ шороонд булуулчихсан, ганц дүүгээ шороонд булуулчихсан. Өчнөөнийгөө шороонд булууллаа. Одоо ингээд амьд байж байдаг би гэдэг нүгэлтэй амьтан юмаа" гэж байсан. Би анхааралтай сонсдог байсан ч, тэр хүний сэтгэлийг тийм ч сайн ойлгодоггүй байж.

Бас бага залуу насныхаа амьдралын талаар ярьж өгч байсан юм. Гамингууд нутгаар нь дайрч өнгөрөхөд юу болсон тухай дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэр үед эмээ хүүхэд байж л дээ. Хүүхэд, залуу хүмүүс гамингаас зугтаагаад уул хад руу дайжаад гарчихсан гэсэн. Тэгээд нууцаар харж байгаа бүх юм өнгөрсний дараа ирсэн гэсэн. Харин настайчууд хөгшчүүд зугтааж чадалгүй үлдсэн юм байх. Тэгээд тэднийг уул хадан дээрээс тандаж байгаад бууж ирэхэд зарим нэг хөгшчүүлийн нүдийг ухаад хаячихсан байсан гэсэн. Эмээ энэ тухай надад яриад: "Одоо ч гэсэн гамингууд ирвэл та нар намайг орхиод явна"гэж хэлэхэд нь би: "Үгүй, би таныг яасан ч орхиж явахгүй" гэж байсан. "Үгүй ээ орхиод явна" гэхэд би итгэхгүй байгаад нь байж ядан, чин сэтгэлээсээ: "Үгүй, би таныг яасан ч орхиж явахгүй" гэж байж билээ.

Манай эмээ хонь жилтэй гэсэн. 1907 онд, одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт төрсөн гэсэн. Угтаа миний элэнц эмээ л дээ. 12 хүүхэд төрүүлснээс намайг бага байхад 5 нь амьд сэрүүн байсан. Одоо 3-нь сэрүүн тунгалаг бий. 12 настайдаа 8 настай охин дүүтэйгээ хоёулхнаа өнчрөн үлдээд, яваандаа гэр бараа, мал гээд хамаг юмаа орхин хот бараадсан гэсэн байхаа.
Би алган дээр нь бөмбөрөн өсч байхад эмээ харин миний насан дээр яаж нэг юм амьдарч явсан юм бол доо. "Өнчин хүнд ноён олон" гэдэг шиг л байсан гэсэн байх.

Анхны нөхөр нь гадуур явж ирээд, уяан дээр нь урьд шөнийн адууны хомоол байвал хардан зодож, бүр үсийг нь зулгаасаар байгаад үсээр нь дээс томчихсон байсан тухай ярьж байсан гэсэн. Би үүнийг хэдхэн жилийн өмнө ээжээс сонссон. Бас тэр нөхөр нь хоёр хүүхдээ /тэр хоёр эмээ хэдэн жилийн өмнө өөд болсон/ хүчээр булааж аваад явахад нь эмээ бараг галзуурах гэж байсан гэсэн. Энэ тухай бас л ээжээс сүүлд сонссон.
Эмээ бас хээр явж байгаад төрж байсан гэсэн. Ёстой аймаар. Бас л ээжээс сонссон.
Хэдийгээр ээжийн эмээ нь ч гэсэн, ээжийг бас өсгөсөн хүн л дээ.
Ингээд бодоход үе үеийн монгол эмэгтэйчүүд маань ямар их зовлон бэрхшээл туулж амьдардаг байсан юм бэ. Бидний энэ амьдрал үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, их үнэ цэнээр олджээ.

Эмээ 12 төрсөн ч сүүлд 5-нь л байсан. Орчин үеийн анагаах ухаан, дархлаажуулалт бий болоогүй тэр үед нялхсын эндэгдэл ийм их байжээ. Өнгөрөөд байсан болохоор эмээ дээрх 5 хүүхдийнхээ 4-ийг нь хүнд өргүүлчихсэн байсан. Харин манай ээжийн ээжийг л авч үлдсэн байна.

Бас нэг хайртай хүү нь шилний үйлдвэрт билүү юуны үйлдвэрт гэлээ ажиллаж байгаад элсэнд даруулж өөд болсон гэсэн. Үхэл зовлон ямар ч элбэг байсан юм. Одоо ч элбэг байгаа л даа. Хүү нь үнэхээр шороонд дарагдаж өөд болсон эсэх нь бас нэг их баталгаатай биш л юм шиг байна лээ. Харин өмнө нь дурдсан ганц дүү нь /бид "жээжээ" гэдэг байсан/ намайг 2 нас хагастай байхад нас барсан. Пүрэв гэдэг Тэрэлжийн Мод Араамандаа хөрөнгө чинээтэй, хоёр нөхөртэй авгай байсан гэсэн. Би бүдэг бадаг л санадаг юм. Тэр жилийн цагаан сараар золгох гэж аав, ээжтэй очиж байснаа бүүр түүр санадаг.
Үр хүүхдүүдийг тооцохгүйгээр хамаатан садан гэвэл газар дээрх ганц дүү нь л байсан болохоор эмээ жээжээд хайртай байсан бололтой. "Хүүгээ, ганц дүүгээ шороонд булуулчихаад би амьд явж байх гэж" гэж байсныг бодоход.

Өвөө, эмээ Тэрэлж хавь, Налайхын цаад талын Баян Даваа, Тэрэлжийн Мод Араам гэх мэт газраар нэлээд дээрээс нутаглах болсон байх.
Манай эмээ Төв аймгийн Баянзүрх сумын харьяанд нэлээд олон жил болсон байх. Төв нь Налайхын хойд талын цэргийн ангийн тэнд байсан сум. 1978-79 онд энэ сум татан буугдахад автоматаар Төв аймгийн Эрдэнэ сумын харьяанд шилжжээ. Өвөө, эмээ бид гурав нэг хэсэг Эрдэнэ сумаас картын бараа авдаг байлаа. Картын барааны үед би эмээгээр "Карт" гэж хэлүүлэх гэхээр эмээ "Харт" гэж хэлэхэд би татаж унатлаа инээдэг байсан сан.

Tuesday, May 4, 2010

Цаг ирвээс...


Б.Ринчен "Цаг ирвээс..."

Би цэцэрлэгч бүлгээ. Цэцэрлэгтээ сэтгэлийн яруу цэцгийг энхрийлэн ургуулнам билээ. Хүмүүний нүднээ ил үзэгдэх арвис билгийн тунгалаг өнгөт сэтгэлийнхээ цэцгийг төрсөн нутгийнхаа алтан наранд сэлгэж, долгилогч зүрхнийхээ халуухан цусаар тордон ургууллаа би.
Хорт муу нүднээс энхрийлэнхэн хамгаалж, цэцэрэгт орох үүд хаалга бий. Гагц, цаг ирвээс миний цэцэрлэгийн хаалга өөрөө нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, хүжсийн үнэр анхилсан цэцэрлэгтээ удирданхан оруулмуу би. Тэгээд цэцэрлэг минь түмний цэнгэл баярын цэцэрлэг болюу.
Би санг хадгалагч бүлгээ. Сэтгэлийнхээ яруу эрдэнэсийг сандаа энхрийлэн хадгалнам билээ. Хүмүүний нүднээ үл үзэгдэх арвис илбийн хурц өнгөөр эрдэнэс минь гилбэлэнхэн, алаг зүрхний минь гал улаан цус гялалзан байгаа нь тэр буюу. Муу нүднээс энхрийлэн хамгаалж, эрдэнэсийн санд зам үүд хаалаа би. Гагц цаг ирвээс миний эрдэнэсийн сангийн хаалга өөрөөн нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, гялалзанхан гилбэгнэсэн эрдэнэсийнхээ санд удирдан оруулмуу би. Тэгээд эрдэнэсийн сан минь, түмний түгээлийн сан болюу.
1933.IX.9

Дуртай шүлгүүд- Б.Ринчен гуайн шүлгээс

Монсудар хэвлэлийн газраас 2004 онд эрхлэн гаргасан "Бэр цэцэг Гүнж" хэмээх Б.Ринчен гуайн түүвэр зохиолын номыг зорин байж авсан юм.
Энэ номноос хааяа хааяа гаргаж ирээд унших дуртай шүлгүүдээ түүвэрлэн бичмээр санагдлаа. Энэ шүлгүүдээс гадна Б.Ринчен гуайн хэдэн өгүүллэгийг жаахан мартагнаад ирэхээрээ л дахиад уншмаар санагддаг юм. Тэр хэдэн өгүүллэгийн яруу эрхэмсэг хэл найруулга, эрхэм дээд ёс суртахууныг илтгэсэн утга санаа нь зүйрлэвэл миний оюун бодлыг баян тансаг, ариун нандин ордонд түр ч атугай зочлуулах шиг санагддаг.

НАМРЫН ӨВСНИЙ ШИВНЭЭ

Ордос нутгийн элсэн манханд чи минь санаанд орлоо,
Онц хайртай газраар намар орой явсан сэтгэлд ургалаа.
Энхжиний орон мэт дөлгөөн, Ирасекийн сайхан нутаг,
Немцов Боженын эмээгийн* голоор явахад минь
Намрын шар навч чи бидэн дээр эргэлдэн унаж билээ.
Шар навч дарж, хог ургасан балтгар чулуун хүн,
Чаг бас! Божены минь хайртай эмээ энэ гэж үү?
Эмээгээ сэтгэлд мөнхжүүлсэн Божено ч гэсэн
Энэ намрын бүрхэг муухай өдөр, Божена минь,
Эзэн Чингисийн сүмийг гүдгэр дээр босгосон
Элсэн манхан Ордос талд хамхуул өвс бөмбөрч,
Шарчигнан өнхрөхөд, сэтгэлд таатай Ян Хус багшийн
Сэргэлэн нутгаар ноднин явсан минь санаанд орлоо.
Элсэн довд ганданхан шарласан өвс, ордос талд
Энэ намрын бүрхэг муухай өдөр, Божено минь,
Юухан гэж надад шивнэсний нь мэдэв үү, чи минь
Ордос. 1957.9 сар

*- Б.Ринчен гуайн энэ шүлгэнд дурдагдах Немцов Боженын "Эмээ" гэдэг роман найз Дагийсүрэнгийн маань хайртай зохиол юм л даа. Энэ романыг хайртай зохиол нь гэж дуулаад би ч шууд гуйж гэртээ авчран шүүрч аваад уншиж эхэлдэг юм байна. Гэвч миний хувьд бол тийм их онцгой содон санагдах юм алга. Гэхдээ л "Дагийгийн хайртай зохиол гэсэн болохоор нэг л учиртай байж таарна" гэж бодоод бага багаар уншсаар байгаад дуустал нь уншчихсан.
Ямар ч байсан манай тэр найз бүхэл бүтэн нэг романыг дуустал нь уншуулах хэмжээнд л надад нөлөөлдөг байгаа юм даа. хэхэ.

Дараа нь найз маань "Энэ зохиолыг надаас өөр гоё гэдэг хүн байдаггүй юмаа" гэж байсан. хэхэ. "Энэ зохиолд гардаг эмээ их сайн хүн юм шиг санагддаг учраас энэ зохиолд дуртай" гэж байсан. Одоо ч Дагийгаас ном авч уншсаар л байгаа.
Гэхдээ сайхан зохиол шүү.
Харин "Билгүүн номч Ринчен мэхийн ёсолбой" номонд "Эмээ" зохиолыг Ринчен гуай орчуулж байсан гэж бичсэн байсан. Гэтэл тэр "ЭМээ" номыг харахад өөр хүний орчуулгаар гарсан байна лээ. Ренчин гуайн орчуулга үрэгдэж алга болсон юм болов уу. Энийг л сайн ойлгоогүй дээ.


ТЫНЫ СҮМД

Маш өндөр, хуучин хотын цамхаг дээрээс
Манант намрын тэр өдөр, хөх униар буданд
Өлмий дор минь харагдах хотыг хялайн үзвээс
Өндөр цамхгийн орой, эртний богд Витийн сүмийн
Ганжир загалмай нь хөхрөгч мананг нэвтлэн
Гал шар улаан навчит цэцэрлэг, түмэн байшингийн
Харлан хүрэнтсэн дээврийг гүүрийн доогуур
Хар гурвалжин могой мэт шургагч Влтавыг
Үүлэн цаанаас нарны гэрэл нэвтлэн гийж билээ.
Үй түмэн хөлд өрмөл шал нь тас идэгдээд
Байшингийн дээвэр ор хэрмийн мөнх чулуу нь
Барзайтал олон зуун жил насалсны үрчлээтэй
Хуучин, нарийнхан гудамжаар бядан явж үзлээ би
Хувьдаа гагцхүү янаг амрагийн гэмтэй болж
Тэнгэрээс халуун сэтгэл заяасандаа буруутан
Тэр сэтгэлээ Христос загалмайд тамлуулсан шиг
Тэрслүү буруу хийсэн болж загалмайд хадуулан
Тэсгэлгүй гайхан зогсохдоо, тэдний оронд би
Тэгж чадахгүй! гэж тэнхээ мэдэн хашхирахсан.
Эртний бадралт баг бишгүүрийг өрөвдөн хүнгэнэтэл
Эх дагина Марийн гар дээрх хүүгий нь цочтол хашхирахсан
Үгүй, би энэ хүү шиг сэтгэл ариун, нүгэлгүй хүн
Үүндээ сүм босгосон Фарисе нар загалмайд
Үүнийгээ хадаж зуйгарчийн жадаар чичсэн шиг
Хадах сачий байвал намайг хадаад үз!
Янаглахаа л янаглана! гэж хашхирахсан гэж би бодлоо.
Яасан ч цээжинд зүрх цохилоостой, цусныхаа бүлээнд
Янаглахаа л янаглана! гэж хашхирахсан гэж бодлоо.
Праг. Слован буудал. 1956.10.9

ҮДЭШ НЕВСКИЙД

Трамвай тачигнан, машин пижигнэн,
Төмөр харчигнан хангинах чимээтэй,
Бензиний утаа, үнэр дүүрсэн гудамж нь
Хээр тал нутагт минь ийм байдаггүйяа!
Үдшийн бүрийд харланхан сүндэрлэгч
Хад мэт боржин чулуун байшингийн ёроолд
Голын захын хөөс шиг, олны үймэлдэх нь
Хээр тал нутагт минь ийм байдаггүйяа!
Армений дарс, Арарат, Арарат! гэж
Албины гал шиг неоны хөх гал дөрөлзөн
Амьтны царай тэр гэрэлд аягүй муухай нь
Хээр тал нутагт минь ийм байдаггүйяа!
Эмэгтэйчүүдийн үс нь яасан ч шар юм бэ,
Хүний зүрх сугалж сорсон юм шиг
Уруул хумс час улаанаар будсан нь
Хээр тал нутагт минь ийм байдаггүйяа!
Гудамжны аманд киноны хаалган дээр
Хөлтэй олны дундаас хамгийн хайрт хүнээ
Мөч гаруй хүлээж хүүхэн хонгор зогсох нь
Хээр тал нутагт минь ийм л байдаг даа!
Интоор мэт уруулын жавжинд гунил шингээд
Зээрийн нүд шиг, охины торомгор нүд нь
Эрвээхэй шиг өөр зүг ниссэн түүнээ эрэх нь
Хээр тал нутагт минь ийм л байдаг даа!
Гэнэт завьж нь татав татав инээмсэглээд
Алдсан морио айлын адуунд олсон юм шиг
Хонгор нүд нь цолмон шиг гялалзах нь
Хээр тал нутагт минь ийм л байдаг даа!
Ленинград, Европ буудал.
64 тасалгаа. 1947.08.28


ГОРЬКИЙН ГУДАМЖИНД


Яаруу олны гүйдэлд түрэгдэн явтлаа
Яг Горькийн гудамжинд алхаа татлаа.
Бор бааз хувцастай, цонхийсон буурал эмгэн,
Боржин туургыг тохойлдон зогсоод нуруугүй эмгэн
Цонхонд дэлгэсэн түмэн үзэсгэлэнт барааг
Цонхийж ширтэн, юутай түмэн гунигтай вэ?
Хатангир хуурай уруулаа жимийгээд нүд нь
Ханхлах үнэртнийг шилийн цаанаас ширтэж байгаа нь
Өнгөт сайхан ертөнцөд нуруугүй хүн болж төрөөд
Өөрийнхөө биед гомдонхон, цонхны өмнө зогсож
Идэр залуу, үзэсгэлэнт гоогийн эдлэх юмыг
Ингэж, Гашууны* гудамжинд гажуулан ширтэх хөөрхийеэ!
Өрөвдөм тэр эмгэнийг хараад, оройтон төрсөн
Өвгөд бид ч гэсэн, өнгөт сайхан шинэ ертөнцийг
Хожимдонхон үзсэнээ ингэж хааяа гомддог биш үү?
Хотол сайхан түүнийг бид бас бүтээлцсэн юм.
Хойчийн нэгэн цагийн түмэн олон нь биднийгээ
Аятайхан нинжин сэтгэлт үгээр дурсаж,
Алтан дэлхийн улс бүхний хэлээр биднийгээ
Урьдын цагт хүчээ өгч зүтгэсэн юм даг гэж
Уяран дурдах ч болов уу гэж сэтгэлээ заслаа.
Москва. Метрополь буудал.
1947.08.12


* Гашуун гэж Горький гэсний орчуулга

ХОРТОБААЖИЙН АРГАЛ

Хөх Дунай жавхлантай, хөгжилт Будапешт гандирсын
балгас мэт сайхан аа!
Хуайшу модны цэцэг энд, хурц үнэр хавар ханашгүй гоё
гэнэм билээ.
Эвий, агаарын хий нь, тэрэгний бензин элдэв үйлдвэрийн
үмхий утаа ханхлан,
Таатай сайхан цэцэг мод хүртэл, тайзын чимгэлэл мэт тун
чиг үнэргүй нь хачин
"Дунай" буудалд дотор бачимдан дурлам гудамжинд ч
амьсгал бүтээд,
Манай хөдөө нутагтай ав адил, маш нарлаг боловч, агаар,
агаар дутнам!
Хортообаажийн хөдөө талд нь ховор эрдэнэ олсон мэт
баярланхан
Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж
өвөртлөөд,
Үдэш нь Дунай гэдэг их буудалдаа үнсний саванд утаа тавин
асаадаг боллоо
Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн үнэрт
нь хамар загатнанхан,
Энхэр монгол тал нутгийн минь үнэр нь л энэ тасалгаанд
ханхлах мэт сайхан санагдлаа.
Будапешт.Дунай буудал.
1956.9.23

Monday, May 3, 2010

Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой




Дүгэрмаа ахаас Цэвэгжавын Цэрэн гуайн бичиж, эмхэтгэсэн "Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой" /2005/ номыг хоёр гурван жилийн өмнө анх авч уншаад амтанд нь орчихсон байтал ашгүй Их дэлгүүрийн номын дэлгүүрт дайралдахад олзуурхан худалдаж авсан юм. Гэхдээ тэр номыг маань "эзэн нь таньчихсаан". Одоо дахиад худалдаж авья, болохгүй бол Дүгэрмаа гуайн номноос хувилаад ч гэсэн авья гэж бодоод л байж байна.

Ринчен гуайн бичсэн бусад ном түүний хийсэн бүтээснийг, ямар мундаг хүн байсныг нь таниулдаг бол энэ ном Ренчин гуай гэж чухам ямар хүн байсныг хувь хүн талаас нь илүүтэй таниулсан. Түүний бичиг захидлуудаас нийтэлсэн байна лээ. Бас Ренчин гуайд ямар их дарамт шахалт, дайралт, хавчлага тулгарч байсныг, сэтгэлээр унамаар, урам хугарч шантармаар тийм бэрхшээл зовлонд дундуур тэрбээр туулаад л гарчихсаныг, туулж гарсан төдийгүй "бичдэгээ бичиж, хийдгээ хийгээд" л явсныг энэ номноос мэдэж аваад их биширсэн.

Ринчен гуайд манай хөдөөгийн жирийн малчин тариачдаас авахуулаад дэлхийд нэрээ гаргасан эрдэмтэд нь хүртэл, сумын уурын зуухны галчаас авахуулаад оюутан сурагчид нь ч захиа занаа илгээдэг байсанд тэрбээр унтах нойроо хасан байж орой үдшийн цагаар суун, асар их ажлаасаа болоод жилийн дараа ч гэсэн чин сэтгэлээсээ заавал хариу явуулдаг байсан байх юм.
Энэ номонд тэдгээр захидлаас нь заримыг нийтэлсэн байна лээ.

Их эрдэм сургасан улс эх орон, ард түмнийхээ ачийг номоор хариулна хэмээн мэрийдэг байсан нь бичсэн зүйлс, бичиг захидлуудаас нь мэдэгдэж байсан.
Хамгийн сүүлд гэвэл бие нь муудаж, эмнэлэгт чихрийн шижин, ходоодны хорт хавдраа эмчлүүлж байхдаа ч гэрээсээ бага гарын бичгийн машинаа авчруулан орчуулгаа ахиулсаар байсан гэнэ. Бие нь дээрдэхгүй болохоор Варшавт эмчлүүлэхээр очоод байхдаа ч тэнд эмнэлгийн газар бас л орчуулан бичсээр байсан гэнэ. 1976 оны 5-р сард Польшоос буцан ирэхэд "Эрдэмтний өндөр үүрэг" хэмээсэн гүтгэлэг "Намын амьдрал", "Новости Монголии"-д нийтрэгдэн, намын үүрүүдийн хурал хуй дээр түүнийг элдвээр гоочилж байхад ч хөрвүүлж эхэлсэн Польш романаа орчуулсаар дуусгасан байх юм.

Мэдээжийн хэрэг өчнөөн их хөдөлмөр зүтгэл, эрдэм ухаанаа шингээн бичсэн "Монгол хэлний зүй" номынх нь 4-р ботийг худалдаанд гаргалгүй, бүгдийг нь шатаасан ч тэрбээр шантраагүй, буцаж няцаагүй ажээ.
Д.Сэнгээ гуай магадгүй намын даалгавраар Б. Ринчен гуайг:

Баримталдаг үзлий нь хэлбэл идеализм
Бардам зантайгий нь хэлбэл архаизм
Бахархдаг соёлы нь үзвэл феодолизм
Багтайгаа байхы нь харвал социализм
Одоо үеийг гүтгэж доромжлохдоо
Онгод нь ордог төрөлх зангаараа
Балар үеийг бахдаж ярихдаа
Байдаг тэнхлээ бардаг хэвээрээ
Урсгасан нь их ч утга нь хоосон
Уншсан нь овоо ч сурсан нь бага
Таарах таарахгүй баг углаад
Танхайрч явдгаа татах болжээ
хэмээн "сургаж", далан настад ч даруулга хэрэгтэй хэмээн лантуудаж байсан. Гэхдээ тэрбээр толгой гудайсангүй.

Түүний тухай ингэж бичих нэг нь байвч бас огт өөрийг бичих нэг нь байсан л байж таарна. Тухайлбал Ц.Гайтав гуай:
"Ринчен танаа
Үүрийн гэгээ арилж
Үүрийн туяа морилж
Цагаа сахлаа илбэсээр
Цайлган санаагаа илтгэсээр
Уулсын дунд тэргүүн байдаг шиг
Усны эхэн боргил байдаг шиг
Анхлан ирсэн Рэнцэн тандаа
Мөнхлөж байхын ерөөл дэвшүүлье" хэмээн 1966 оны 6-р сарын 26-нд бичин дурсгаж байсан байна.


Б.Ринчен гуайн захидлын хэсгээс...

(Тэрбээр 4 жил гаруй шоронд байсан үеийнхээ талаар ийнхүү бичжээ)

... түмэн хилсээр шоронд орж, харгис муухай эрүү шүүлтийн муухайг биеэр үзээд, алуулах хилс тогтоол гаргуулаад байхдаа ч би аман зохиолын судалгааг муухай шоронгийн ёроолд хийсээр ирсэн бөгөөд тэр муухай зодлого аллагын дотор Зөвлөлтийнхөө эрдэмтэн багш нарыг санаж, Орос хэл оросын соёлын сайн сайхныг нь таньж, орос хэлээр дамжин дэлхийн утга зохиолын эрдэнэсийг үзсэнээ санахдаа сэтгэлээ сэргээж байснаа бодоход үнэн шинжээ илрүүлсэн Молотовын сэтэрт яалаа гэж гуних вэ? Зөвлөлтийн нэрт эрдэмтэн хүний шавь байсан би, сайн багш нарын муу шавь гэж хойчийн учраа мэдэх үеийн хүнд яасан ч хэлүүлэхгүй явсаар нүдээ санаа амар анина гэж ардынхаа буянаар Зөвлөлтөд багш нарын сайныг дагаж сурсныхаа ачийг ард түмэндээ харуулахыг бодсоор явдаг тул, бичиж бүтээх гэсэн зүйлээ биеийн алжаалыг үл бодон бичсээр байгаа..."

"...Түмэн хилс хэргээр мөрдөн байцаалтын шоронд дөрвөн жил хэвтэхдээ ч гэсэн янз бүрийн монголчуудаас үлгэр- аман зохиол зэргийг сураглан асууж, тэмдэглэн бичих бололцоогүй боловч цээжиндээ хадгалан тогтоож байсан..."

/Хавчлага дарамт дунд ч гудийлгүй, хийдгээ хийсээр байгаа талаараа/:

"... манай энд ч онгойх цаг айсаж байгаа юм бишүү дээ гэж бодоод би бичдэгээ бичиж, хийдгээ хийж л, эх орон, ард түмнийхээ өмнө үүргээ гүйцэтгэхийг чадлаараа мэрийж байгаа..."

"...эх орондоо хайртай, ард түмэндээ халуун сэтгэлтэй хүн хийх юмаа хийж л байх ёстой"

/Нас нэлээд дээр гараад байхад нь гадаадад хэдэн жил ажиллах урилга ирсэн боловч тэрбээр зөвшөөрөөгүй талаараа/:

"... би зөвшөөрч зүрхлээгүй, яагаад гэвэл би энд, эх нутагтаа амжуулдгаа амжуулж, хийдгээ хийж, чадах бүхнээ хийх ёстой гэж үзсэн юм..." гэж бичжээ.

Мөн над шиг залхуу хүмүүс санаж явууштай сургаалиас нь бичвэл:

"... Орос ардын их боловсролтой, уужим мэдлэгтэй хүний үзэж мэддэг хэмжээнд нь ханатал ном зохиол өдөр алгасалгүй үзэх хэрэгтэй юм шүү. Үүнийг гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ үргэлж санаж явах хэрэгтэй."

-чадал хүчнийхээ хэрээр унших хэрэгтэй.
-уншвал зохих номыг биеийн алжаалыг үл бодон унших хэрэгтэй! Сурлагын төлөө та мэрийж хичээ, хичээ! Цагаа ашиглаж сур! Мөнгө хамаагүй зарж болно, цаг хамаагүй зарж болохгүй гэдгийг хэзээ ч бүү март. Сул өнгөрүүлсэн цагийг дахин эргүүлж олж болохгүй.


Б.РИНЧЕН "ЮУНЫ МАГАД"

Дөч хүрээд би сая тогтноюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу.
Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр ачий нь магтан хариульюу.

Цаст уулын оргилоос цагаан болюу толгой минь. Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу.
Тэгвэл гайхамшигт сайхан цэцгийн анхилам үгээр намайгаа сурган хүмүүжүүлсэн багш нарынхаа ачийг нь магтан хариульюу.

Сэтгэл минь гүн нуураас амгалан болюу. Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу.
Тэгвэл сэтгэл зүрхнийхээ чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачий нь магтан хариулюу.

Санаа сэтгэл минь одооныхоос сайхан больюу. Тэгвэл сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь ард түмнийхээ ачтан хөвгүүдийн ачий нь магтан хариульюу.
1932 оны 2 сарын 10

Б.Ринчен гуайн талаар болон түүний оюутан ахуйн дурсамжийг ийш орж уншиж болно. http://myger.net/index.php?option=com_content&view=article&id=215:2009-02-12-12-26-34&catid=31:general&Itemid=46

Monday, April 26, 2010

Б.Ринчен гуайн нэгэн шүлэг "Мальчик Индус"

Б.Ринчен гуайн энэ шүлэг сэтгэл хөдөлгөн, орчуулахчаан аядаж байсан юм. Тэр орчуулга алга л даа. Гэхдээшүлгийг эхээр нь бичье.

Мальчик Индус

Мальчик склонился передо мной,
Пальцами коснулся ног моих,
И руку приложил ко лбу, и тихо-
Тихо что то сказал мне,
И руку протянул с мольбой,
Был мальчик худ и оборван
А у меня ни одной анны в кармане
И снова мальчик склонился.
А я не мог ему объяснить, что здесь
Я чужой и денег нет у меня
И только улыбку могу подарить ему:
Пусть народ Индии не склоняется
Перед ногами чужеземцев никогда!

Нью-Дели. 15.Xll.1957.

Шүлгийн ахмад сэтгүүлч Ц.Цэрэний бичсэн "Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой" номоос авав.

Thursday, April 22, 2010

Зүүд




/Зураг- жижиг гол маань/

Өдий насыг наслахдаа /хэхэ/ есөн шийдийн зүүдийг янз янзаар нь зүүдэлж үзсэн боловч одоо нээрээ бодоход би хүнтэй суучихсан байна гэж хэзээ ч зүүдэлж үзээгүй байх юм. Бас хүүхдээ дагуулаад явж байна гэж хэзээ ч зүүдэлж үзээгүй юм байна. Сонин л юм. Үгүй ээ ядаж, хүний урманд найз залуутай болчихож гэж зүүдэлж болноо доо. Тэр ч байдаггүй шүү. хэ хэ.

Харин бодитоор нь байтугай зурагтаар ч харж байгаагүй уран тод өнгөө гайхуулсан, олон янзын том жижиг үнэхээрийн сайхан сайхан шувуудыг хааяа маш тод зүүдэлдэг. Хараад л баймаар сайхан, сонин сонин шувууд. Үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй. Миний хамгийн сайхан зүүднүүдийн нэг.

Өссөн газартайгаа холбоотойгоор л байх даа, гол их зүүдэлдэг. Тэрэлжийн голын эрэг дээр тоглож өссөн болохоор тэр байх. Бас жижиг голоо зүүдэлдэг. Тэрэлжийн голын цаана байдаг гол л доо. Уг нь би сэлж чаддаггүй ш дээ. Харин зүүдэндээ бол ус руу урамтай нь аргагүй үсэрч ороод л сэлж өгч байна гэж зүүдлэхээр ямар кайфтай гээч.

Бас нисч байна гэж үе үе зүүдэлдэг юм байна. Тийм өндөрт биш л дээ. Газраас хөл хөндийрөөд л алхалтгүй, бие өөрөө яваад байна гэж. Энэ зүүдний бас өөр нэг хувилбар нь жижиг голынхоо юмуу Тэрэлжийн гол дээгүүрээ, усны мандал дээгүүр, хөл усанд хүрэхгүйгээр нисч буй мэт явж байна гэж зүүдлэхээр бас гоё байдаг юм байна. Усны мандал дээгүүр их хурдан яваад л байна.

Эмээг бол хамгийн их зүүдэлдэг. Одоо нас бараад 15 жил болчихож. Одоо бол нэг их боддоггүй хэрнээ, бараг огт бодохгүй байхад л зүүдлээд байдаг. Эмээг нас барснааас хойших 3 дахь жилд, нэг их бодогдохоо больчихсон байсан. Тэр жил нэг сарын турш бараг шөнө бүр зүүдэлсэн. Гэтэл би тэр нэг сарын хугацаанд эмээг бараг боддоггүй байсан.
Харин хамгийн их гашууддаг байсан эхний 1 жилд, бодож уйтгарладаг байсан дараагийн 1 жилд бол огт зүүдэлдэггүй байсан санагдаж байна. Зүүдэндээ ч болтугай уулзаж чаддаг нь амьдрал надад өгч байгаа том бэлэг юм даа.

To be continued...

Tuesday, April 20, 2010

П. Боцугийн 2 шүлэг_ 2 poems of P. Botsu

Павел Петрович Боцу гэдэг Зөвлөлт Молдавын зохиолчийн "Нар дуун хоёр" нэртэй жижигхэн шүлгийн түүвэр надад байгаад л байдаг. Эндээс аятайхан санагдсан хоёр шүлгийг бичье гэж бодсон юм л даа. Энэ хоёр шүлгийн уншингаа эмээгийнхээ тухай бодоход гоё байдаг юм.

Талархал /Д.Пүрэвдоржийн орчуулга/

Алсын алсад нар холдож
Ахиад л бас намар болов
Алим жимсээ дааж ядан
Ахиад л мөчир газар бөхийв.
Насаараа зовж жаргаж
Намрын олныг элээсэн
Настан буурал ээж минь!
Таныхаа сэтгэлийг харья
Таныхаа сэтгэлтэй ярья
Томоогүй багын нэрээр минь
Дуудан хайрлаж ээж минь
Тоостой үсийг минь илбээч
Урд дэрээ түшин сууж
Уйтгарлан дуулдаг нөгөө дуугаа
Мартаагүй бол нэг дуулаач.
Үртэй мөчрөө мод хүртэл
Үндэс рүүгээ тонгойж байгаа
Будант намрын цагаар
Буурал шанхы чинь илбэе.


ГЭЗГИЙГ МИНЬ СҮЛЖЭЭД ӨГӨӨЧ ЭЭЖ ЭЭ. (Б.Энэбишийн орчуулга)

Гэзгийг минь сүлжээд өгөөч ээж ээ!
Гэгээн орчлонгоор аялья би
Ганцхан дусал ч нулимсгүй нүд чинь
Гандсан намар шиг санагдна ээж ээ.
Саа шиг гэзгийг минь
Сүлжээд өгөөч ээж ээ.
Сайхан сэтгэлийнхээ үгийг
Захиад явуулаач ээж ээ.
Танхил дөрвөн охиноо өсгөж
та хүмүүжүүллээ
Тал уулын замыг элэгдтэл
та сүлжлээ
Хоёр гараа салгануулаад
харамсаж юундаа чичрээ вэ?
Хонгор охин чинь хожмын нэг өдөр
эргээд тандаа ирнэ шүү дээ.
Гэзгийг минь сүлжээд өгөөч ээж ээ.
Гэгээн орчлонгоор аялья би
Харь газраас ээж минь та намайгаа дуудна даа
Хайрт таныхаа энэрэлгүйгээр яагаад ч би амьдрахгүй дээ.


(Энэ хоёр шүлгийг яг л энэ номон дээр ямар хэлбэртэй байгаагаар нь бичлээ. Мөрийг нь урд хойноос эхлүүлэх гэснээ шүлэг яруу найргийн бичсэн хэлбэрийг өөрчилж болдоггүй, зохиолчийн санаанд халдаж байгаа хэрэг гэж Б.Ренчийн гуай бичсэн байдгийг санаад тэгж болохгүй байх гэж бодлоо)

Monday, April 19, 2010

"Дэлгэц амилуулсан аялгуу"



Энэ нэрийг зээлдчихлээ. МҮОНТ-ээр хагас билүү бүтэн сайн өдрөөр гарч байгаа нэвтрүүлгийн нэр. Нэр зээлдсэний учир гэвэл энэ нэвтрүүлгийн хөнддөг сэдвийн зах зухаас жаахан зулгаах гэсэн чинь энэнээс илүү гоё гарчиг олж чаддаггүй ээ. Ольё ч гэж нэг их бодоогүй л дээ.

Манай монгол кинонуудын хөгжим мөн ч сайхан шүү. "А", "Б"-гүй цээжилтлээ үзчихсэн зарим киноны хөгжмийг нь сонсох гэж хүлээн үзсэн удаа ч байгаа. "Яг тэр хэсэгт нь гардаг тэр хөгжмийг нь сонсоод авья" гээд л. Жишээлбэл "Алтан Өргөө" кинонд нүд муутай охин хараа ороод гүйн гарч нутаг усаа харах үед эгшиглэдэг ая, "Би чамд хайртай" киноны Дэлгэрийн хийл тоглодог хэсэг, Үрлээ цонхоор хараад "Хаврын анхны бороо" гэж хэлэхэд эгшиглэдэг ая, "Тань руу нүүж явна" киноны хөгжим гээд л /ү/гүй ээ мөн ч урт жагсаалт болох гээд байна.
Хөгжимөөс гадна миний сайн мэдэхгүй дээр үеийн дуучдын дуунууд тэр үеийн бичлэгээрээ монгол киноны төгсгөлд ч юмуу эгшиглэхийг сонсоход их сайхан.

Манайх ямар ч мундаг хөгжмийн зохиолчидтой байсан юм. Монгол кино үзэж л тэрийг мэдэх юм. Одоо ч зарим нь сэрүүн тунгалаг байгаа л даа.

Ийм сайхан хөгжимтэй кинонуудын нэг бол "Тань руу нүүж явна" Аймаар сайн хийсэн кино юм шиг санагддаг. Зохиолыг Э.Оюун гуай бичиж, ерөнхий найруулагчаар Б.Балжинням гуай ажиллан, хөгжмийг З.Хангал гуай туурьвижээ. Энэ киног интэрнэтээр үзье гэвэл хаяг нь:
http://myloverso.miniih.com/index.php//home/post/345

Поп оркестр энэ хөгжмийг тоглосон нь юүтүбд байна. Хаяг нь: http://www.youtube.com/watch?v=mjnQMzg6K9I -Memory Pop Orchestra Z.Hangal tani ruu nuuj yavna

Сэтгэл зүрхийг шимшрүүлээд хаячихдэг кино, хөгжим шүү. "Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун" гэж Инжинааш гуайн хэлсэнчлэн тэгж чадаж байгаа нь л уран бүтээлийн дайтай бүтээл болсны нотолгоо байх даа.

Гол дүрийн залуу хайртай бүсгүйдээ ном өгчихөөд мотоциклтойгоо давхин одоход хайртай бүсгүй нь сэтгэлээ илчилсэн дурсгалын дөрвөн мөртийг нь уншсаны дараа явдаг ая, Дулам гуайн сэтгэл үймрэн өвсний толгой найгуулсан жихүүн байрын салхитай, уйтгартай өдөр гадаа сууж байхад эгшиглэдэг ая. Айлын хүү рүү очих уу яах вэ гэж сэтгэл нь хоёрдон байхад явдаг ая. Ядаж байхад "Ээж ээ ээжээ, цагаан сүүгээ хөхүүлээч ээжээ" гэдэг дууг тэр нэг хүүхэд дуулж байхыг нь яана...

Дашрамд дурдахад З.Хангал гуайн талаар найруулагч н.Жигжидсүрэн гуай дурсамж нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТ-ээр гаргаж байсан санаанд орлоо. Нэлээд өргөн цар хүрээтэй, уран бүтээлээс нь эгшиглүүлсэн их аятайхан дурсамж нэвтрүүлэг байсан шүү.
Нээрээ, энэ киноны залуу бүсгүй Хандмаагийн дүрд тоглодог жүжигчин Долгорсүрэн эгч надтай хамт ажилладаг юм.

Thursday, April 15, 2010

Сонирхолтой сэдэв, сонин яриа



Тайра Бэнксийн нэвтрүүлгийг (The Tyra Banks show) сэдвийг нь харж байгаад сонирхолтой санагдсанаас нь жаахан түүж үзлээ. Гэй, трансжендер хүмүүс, арьсны өнгөтэй холбоотой эмзэг сэдвүүдийг нэлээд хөнддөг юм шиг санагдлаа. Ерөнхийдөө тиймэрхүү сэдвүүдийг түүж үзсэн л дээ. Тэр дундаас энэ дугаар нэлээд сонирхолтой санагдсан.

Preconceived Notions About Race - Tyra (Part 1) Юүтюб дэх хаяг нь: http://www.youtube.com/watch?v=xM2_w-m_UFs&feature=related -Сонирхолтой л сэдэв, сонин л яриа өрнөж дээ. Хүн гаднаас нь хараад бол энэ хүмүүсийг шал өөрөөр тодорхойлохоор, гэвч тэд дотроо өөрсдийгөө гаднаа харагдаж байгаагаасаа огт өөр арьстан, үндэстэн гэж бодож төсөөлж явдаг байх юм.

Хүнийг арьс өнгөнөөс нь болоод хэвшсэн ойлголтоор тодорхойлдог, доорд үздэг тохиолдлуудын талаар энэ дугаарт их сонирхолтойгоор хөндөн харуулжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал оршсоор. Ширүүн маргаан мэтгэлцээнтэй, эмзэг сэдвийг хөндсөн дугаар болж.
http://www.youtube.com/watch?v=yGNyjsAumuU&feature=related - Racial Perceptions - Tyra (Part 1)

ANTM /Америкийн дараагийн топ модель/- д оролцож байсан трансжендер охин /бие махбодийн хувьд эрэгтэй төрсөн ч өөрийгөө эмэгтэй гэж үздэг/ хүйсээ солиулах хагалгаанд ороход нь Тайра тусалж, эмчтэй холбож өгсөн. Тэр охины хагалгааны талаарх болон сэдэвтэй холбогдох бусад зүйл, маргаантай асуудал.
http://www.youtube.com/watch?v=2ieLG2Wrqew&feature=related Isis King (Surgery)- The Tyra Banks Show Part 1

Трансжердер охин Айсис Кингийн талаар болон бусад: http://www.youtube.com/watch?v=9WkDHy2d65o&feature=related

"Би гэй баймааргүй байна" Хэдийгээр гэй /ижил хүйстэндээ татагддаг/ төрсөн боловч гэй биш болохын тулд эмчилгээ хийлгэсэн, гэй байхыг хүсдэггүй, өөрөө гэй төрсөн ч гэй хүмүүсээс айж холхон явдаг, 30 хүрэхээрээ гэй биш болох төлөвлөгөөтэй, гэй боловч эхнэр авсан хэдэн залуугийн сонирхолтой яриа, амьдрал. Хаяг нь: http://www.youtube.com/watch?v=Pup-0dBhRsc&feature=related- I Hate Being Gay - Tyra (Part 1)

Энэ сэдвүүд сонирхлыг маань илүүтэй татаж сонгон үзсэн юм. За тэгээд өөр олон дугаар нь байна лээ дээ.